“Еврей хүмүүсийн боловсрол болон амжилтын үндэс” нэртэй номын талаар уншигчийнхаа хувьд сэтгэгдлээ бичье. Энэхүү ном нь юу еврей хүмүүсийг хамгийн шилдэг нь болгосон бэ? гэдгийг харуулах зорилгоор бичигдсэн, БНСУ-ын зохиолч Ку Жэ Хаг-ийн бичсэн ном юм. Номын эхэнд еврей боловсролын эх үндэс болдог еврейчүүдийн түүх, ёс зүй, гүн ухааны талаар бичсэн зохиол “Талмуд” номын зохиолч Марвин Токаертай хийсэн ярилцлагыг нийтэлжээ. Уг номын ерөнхий бүтэц нь “Гэр бүлийн боловсрол”, “Суралцах чадвар”, “Хүн чанарын боловрол”, “Ирээдүйн амьдралын зөвлөгөө” гэсэн бүлгийн дор 30 гаруй сэдэв болгон задлан бичигдсэн хүүхдийг хүмүүжүүлэх арга ухааныг хүүрнэжээ. Еврей боловсролын суурь буюу хүүхдийн боловсролын үндэс бол гэр бүлийн боловсрол гэж үздэг. Еврей хүмүүс хүүхдэдээ хичээл хий гэж хэлдэггүй. Хичээлээ хийж эхлэхээс нь өмнө хүүхэд өөрөө ухамсарлаж ойлгохуйц тайлбар, эсвэл түүх заавал ярьдаг. Зочны өрөөндөө телевизийн оронд ном байрлуулдаг. Хүүхэд багаасаа эхлэн нас биенд хүртлээ телевизийн хөтөлбөрөөс зөвхөн хүүхдэд зориулсан хөтөлбөр үзэх ёстой гэсэн ухамсраар өсч торнидог. Ер нь хүүхэд эцэг, эхээ харан тэдний хийж буй үйлдлийг нь байгаагаар нь хуулбарлан дуурайдаг учраас юуны өмнө эцэг, эхчүүдийн үлгэрлэл юунаас ч эрхэм чухалд тавигддаг. Боловсрол олгох чухал хэсгийн нэг бол эхнэр, нөхөр хоёр бие биенээ хайрлан халамжилж буй дүр төрхөө хүүхэддээ харуулах байдаг. Суралцах чадварын тухайд зөгийн балаар бичдэг цагаан толгойн үсэг, оньсого таавраар дамжуулан үг сургадаг. Унтахаас өмнө хүүхдэдээ өдөр бүр 15 минут ном уншиж өгөх гайхалтай аргыг хэрэглэнэ. Хүүхдийг нэг наснаас нь эхлэн ном уншиж сонсгох ёстой. Давхар хэлний боловсролоор хүүхдийнхээ гадаад хэлний чадварыг сайжруулдаг. “Талмуд” хэлбэрийн ярилцлагын аргыг ашиглан хүүхдийнхээ асуултад хариулахаас илүүтэйгээр хүүхэддээ асуулт тавих аргыг ашигладаг. Еврей боловсролын суурь гэгддэг “Талмуд”-ын тухай дурдахад энэ нь 5000 жилийн түүхтэй ном бөгөөд V-VII зууны үед амьдарч байсан шашны удирдагч багш нарын хууль зүй, ёс зүй, оюун ухаан, түүхийн талаар хэлэлцэн тэмдэглэн үлдээсэн 63 ном бүхий 12 мянган хуудас том ном байдаг. Еврей хүмүүс үг уншиж сурахаасаа эхлэн “Талмуд” номоо эцэг, эхтэйгээ хамт өдөрт хоёр нүүрийг уншин долоон жилийн хугацаанд бүрэн уншиж дуусгадаг. Үүний дараа насан эцэстлээ давтан давтан уншина.
“Еврей хүмүүсийн боловсрол болон амжилтын үндэс” номд дурдсанаар хичээл ном бол холын зайн гүйлт, эцэг эх бол дасгалжуулагч гэж үздэг байна. Тэд хүүхдийнхээ насны онцлогт тохируулан эмх цэгцтэйгээр боловсрол олгодог. Хүүхдэд зааж хэлж өгөөгүй байсан ч тэд дэлхий ертөнцийн талаар сонирхон судалж, эрэл хайгуул хийж эхэлдэг учраас хүүхдийн сониуч занг маш чухалд тооцдог. Сонирхлыг нь нэмэгдүүлэх анхан шатны боловсролд ашиглах хэрэгсэл бол “сонирхолтой яриа” юм. Сурагч бүр жилд тэдэн ном унших ёстой гэсэн даалгавартай. Ном уншсаны дараа товч агуулгыг заавал бичиж тэмдэглүүлдэг. Еврей хүмүүс буюу Израильчууд хүүхдээ 13 нас хүрэнгүүт насанд хүрсэн гэж үзэн хариуцлагыг үүрүүлж эхэлдэг. Насанд хүрсэн баярын өдрөө тухайн хүүхэд өнгөрсөн 13 жилийн хугацаанд юу сурсан гэдгээ бүх ах, дүү хамаатан садныхаа өмнө тайлагнаж илтгэл тавьдаг. Энэ үеэр баярт ирсэн зочид мөнгө өгдөг. Цугларсан мөнгийг хадгаламжид хийх, эсвэл өндөр хүүтэй зээлүүлж нийгмийн харилцаанд орох үед эцэг, эх нь хүүхдэдээ эргүүлээд өгдөг байна. Нацист Германы дор тарчилж зовж байсан түүхийг заавал ярьж өгч, энэ талаар огтхон ч мартаж болохгүйг сануулдаг. Мөн эдийн засгийн боловсролыг хүүхдээ төрөөд найман сар болсны дараа буюу алхаж эхлэхээс нь заана. Зоосон мөнгөний сав руу өглөө, орой найман сартай хүүхдээрээ мөнгө гарт нь атгуулан хийлгүүлдэг. Хүүхдээ сургуульд орохоос нь өмнө буюу таван наснаас нь эхлэн хүүхдэдээ ойр зуурын хэрэгцээнийх нь мөнгийг өөрт нь өгдөг. Гэхдээ уг мөнгийг хэрэглүүлэх зорилгоор биш, хадгалуулах зорилгоор өгдөг. Энэхүү номоос уншигч миний тусгаж авсан гол зүйл гэвэл эх хүн гэдэг бол гэр бүлийн суурь хөрс. Эцэг хүний оролцоо ч гэсэн гэр бүлд ээжээс дутахааргүй чухал. Бүх зүйлд үлгэрлэн заан чиглүүлэх нь хамгийн том багш байдаг гэдгийг сайтар ухамсарлуулахаар юм билээ. Еврей боловсролын тухай өгүүлсэн энэ номын гол онцлог нь эцэг, эхийн хандлага, харилцаа, хүүхдээ хүмүүжүүлэх аргад санаа өгөхүйц олон жишээ баримтад тулгуурлажээ.