Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Эх оронч үзэл

Энэ удаад уншигчдадаа Японы алдарт зохиолч Мишима Юкио (1925-1970)-гийн “Эх оронч үзэл” хэмээх эмгэнэлт өгүүллэгийн тухай ярьж өгөх гэж байна.

1936 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Японы Токио хотод “залуу дарга нарын” бослого болжээ. Үймээн дэгдээгчид Япон улсыг цаашид хөгжин цэцэглүүлэхийн тулд Азид ноёрхлоо тогтоох дайн зарлах хэрэгтэй хэмээн тулган шаардсан байна. Энэхүү бослогыг дарах тушаал авсан Гвардын тээврийн батальоны дэслэгч Такэяама Шинжимаш хүнд байдалд орлоо. Учир нь тэрээр дотнын найзуудаа уг бослогод оролцсоныг олж мэджээ. Дэслэгч найзуудаа хөнөөх аль эсвэл эх орноосоо урвах гэсэн хоёр сонголтын дунд гацмагцаа харакири хийж үхэх шийдвэр гаргадаг. Самурай хүний хамгийн дээд үхэл бол харакири юм.

Залуу дэслэгч хуримаа хийгээд жил ч болоогүй байсан бөгөөд хорин гуравхан настай үзэсгэлэнт эхнэр нь эр нөхөртөө туйлын үнэнч, түүний төлөө үхэхээс ч буцахгүй нэгэн байлаа. Тэд Аобэ хэмээх гудамжинд хоёр давхар бяцхан байшинд аж төрнө. Хуримын анхны шөнөө дэслэгч эхнэрээсээ “Самурай хүний гэргий нөхрийнхөө үхэлд үргэлж бэлэн байх ёстой. Ийм зүйл хэзээ ч тохиолдож болно. Тэр үед чи айхгүй биз дээ” гэж асуухад эхнэр нь өөрийн гэрийн үе уламжилж ирсэн богино илдийг хуйнаас нь сугалан өвдөг дээрээ тавьжээ. Үүнээс хойш дэслэгч эхнэрээ огт шалгаагүй бөгөөд тэд нэг нэгэндээ анхнаасаа заяагдсан юм шиг яв цав тааран амьдарцгааж байлаа. Такэяама хуаран дээрээ байхдаа зав чөлөө л гарвал эхнэрээ бодож суудаг бол Рэйко харин гэртээ өнжихдөө нөхрийнхөө зургийг л ширтэж сууна. Аз жаргалтай хос гэж тэднийг л хэлэхээр байлаа, тэр нэг өдөр хүртэл.

Хоёрдугаар сарын 26-ны үүрээр буун дуу тачигнаж, дэлбэрэлт болоход Такэяама илдээ зүүгээд цасан дундуур явж одов. Рэйко 28-ны орой хүртэл эр нөхрийнхөө барааг харсангүй. Тэрээр юу болоод байгааг бүгдийг нь сайн ойлгож байсан төдийгүй нөхрийнхөө хийх гэж байгаа үйлийг зөн совингоороо мэдэрч байв. Өөрийнхөө юу хийх ёстойг ч маш сайн мэдэж байсан болохоор юм хумаа эмхэлж эхэлнэ. Нөхөр нь түүнийг маргаашийн төлөө санаа зоволгүй өнөөдрөөрөө амьдарч сургажээ. Тэрээр кимононуудаа дунд сургуулийн найз хүүхэндээ гэрээсэлж үлдээгээд өдрийн тэмдэглэлээ хуудас хуудсаар нь урж шатаана. Гэр орноо цэвэрлэж нөхөртөө усанд орох ус халаан хүлээж байтал гутарсан, туйлдаа хүрсэн, шавар шавхай болж гүйцсэн нөхөр нь гэртээ ирдэг. Тэд юу ч ярилгүй харцаараа ойлголцож байлаа. Яг эндээс эхлээд уншихад улам бүр хэцүү болж, үхлийн ч гэмээр тийм гашуудалтай, аймшигтай бас аниргүй мэдрэмж таныг нөмрөн авах байх. Шинжи эхнэрээ өөрийг нь дагана гэдэгт огтхон ч эргэлзээгүй учраас харакири хийх үедээ түүнийгээ өөрийн кайсяку болгохоор шийджээ. Энэ нь харакири хийж байгаа хүнийг гэрчлэх амьд гэрч юм. Өөрөөр хэлбэл, нөхөр нь түрүүлж харакири хийхэд эхнэр нь гэрч болж харин дараагаар нь өөрийнхөө амийг егүүтгэнэ.

Үхэлтэй нүүр тулах гэж байгаа хосуудын хувьд энэ орой ердийн нэгэн орой шиг л өнгөрч байлаа. Нөхөр нь усанд орж гэрийн халаадаа өмсөөд орондоо ороход эхнэр нь усанд орохоор зөрж явав. Хөнжилдөө шурган хэвтэж байхдаа Такэяама хоёр давхрын шатаар өгсөн ирж байгаа эхнэрийнхээ хөлийн чимээг сонсоод уй гунигт автана. Яг энэ чимээг сэтгэл догдлон хэдэн ч удаа хүлээсэн юм бэ. Тэд сүүлчийн шөнөө хамтдаа өнгөрөөгөөд босч хувцаслан “ёслол”-доо бэлдэцгээв. Цаг болоход дэслэгч эхнэрийнхээ царай руу сүүлчийн удаа шийдэмгий хараад илдээ гэдэс рүүгээ гүн гэгч шаалаа. Харакири хийх гэж чухам юу байдаг, ямар зан үйлтэй юм, хэрхэн тарчилж үхдэг вэ гээд аймшигтай дүр дүрслэлийг энэхүү өгүүллэгээс уншина. Тийм болохоор уншигч та сэтгэл зүйгээ бэлдэх нь зөв болов уу. Хайртай нөхрийнх нь хамаг цус нүдэн дээр нь юүлэгдэн дуусч амь тавьж байгааг харж дуусмагцаа Рэйко түүнийхээ уруул дээр сүүлчийн удаа үнсэж тамгалаад эцсийн хүчээ шавхан байж чичлүүр хутгаараа гүрээнийхээ судсан дээр чангаас чанга дарлаа.

Сонирхуулахад, өгүүллэгийн зохиолч Мишимиа Юкио 1970 онд өөрөө харакири хийж нас барсан байдаг.

А.МӨНХЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *