Хүн бүрт хувь төөрөг гэж бий. Тэр л зурсан замаар хүссэн ч, хүсээгүй ч амьдардаг. Бүгд сурна, боловсрол мэдлэг эзэмшинэ. Цаашлаад дурлана, хайрлана, гэрлэнэ, аав, ээж болно. Ажил хийнэ, амьдралаа авч явна. Үр минь үлдэх энэ хорвоод үрийнхээ төлөө бүхнээ зориулна. Хоёр нарны хооронд борви бохисхийлгүй зүтгэсээр нэг л мэдэхэд хөгширнө. Эмээ, өвөө болно. Тэтгэвэрт гарна. Гэртээ сууна. Энэ бол эр, эм гэлтгүй хүмүүн бидэнд үйлчилдэг бичигдээгүй хууль билээ. Үсээ зулгаагаад энэ амьдралаас зугтмаар үе байхад үүлэнд хөвөх мэт баярлах зурвас ч тохионо. Тэглээ гээд амьдрах зам мөрийн энэ бичигдээгүй хуулийг алгасах аргагүй. Хувь тавилантайгаа эвлэрч мөрөөрөө гэлдрэх нэг хэсэг байхад өөрийгөө өөрчилж, эвдэж, ялан дийлж чаддаг зоригтнууд бас бий. Яг тийм л эмэгтэйчүүдийн тухай энэ номд өгүүлжээ.
Хүчирхэг эрчүүдийн ард ухаалаг эмэгтэй байдаг гэх үг ч бий. Халамжит хань, хайртай ээж, зовоон тарчлаагч “шулам”, сахиусан тэнгэр мэт дагина гээд бүсгүй хүн энэ амьдралд хэдэн ч дүрд хувирч, хэн ч болж чаддаг. Зуун зуунд алдраа мөнхжүүлсэн суутнуудын онгодыг хөглөж, урмыг нь бадраасаар ирсэн гайхамшигтай бүсгүйчүүд үеийн үед байсаар иржээ. Зарим нь хэн нэгний ард чимээгүйхэн нуугдаж, халамжилж, хийж байгаа үйл хэрэгтээ, уран бүтээлдээ өөрийгөө бүрэн зориулах боломжоор хангадаг өгөөмөр эмэгтэйчүүд байдаг. Хэн нэгэн суутны авьяасыг хөглөгч нь байгаад зогсохгүй өөрсдөө бүтээн туурвигч, манлайлагч, од болон гялалздаг сахиусан тэнгэрүүд байна. Ийм бүсгүйчүүдийн үнэн хийгээд хачирхалтай түүхүүд, амжилтын охь булаг нь юу байсныг энэ номд амттай бичжээ.
Дэлхийд данстай суутнуудын хүсэл мөрөөдлийг бодит биелэл болгосон алдартай эмэгтэйчүүдийн ер бусын амьдралын тухай энэ номноос салж чадахгүй унших болно. Гала, Полина Виардо, Фрида Кало, Лиля Брик, Жульетта Мазина, Йоко Оно, Ума Турман зэрэг эрхэмсэг бүсгүйчүүдгүйгээр алдарт С.Дали, аугаа Александр Сергеевич Пушкин, Ривера, В.В.Маяковский, Жон Леннон, Квентин Тарантино нар хэн байхсан бол гэж уулга алдаж мэднэ шүү. Уулыг нурааж, усыг эргүүлэх чадалтай гэдэг шиг адтай хүүхнүүд эрчүүдийг харцаараа хөдөлгөж, сургуультай амьтан шиг удирдаж, бүхэл бүтэн вант улс босгож чаддаг юм байна. Энэ номд онцлуулсан эмэгтэйчүүд яг л ийм сонирхолтой түүхийг туулсан амьдралдаа бүтээж чаджээ.
Жишээ татах аваас Францын сонгодог яруу найрагч Поль Элюар болон агуу Сальвадор Дали хоёрын онгодыг нь хөглөгч охин тэнгэр нь Гала хэмээх эмэгтэй байж. Тэр нас ахих тусам орон гэрээсээ холдох, оршин байгаа газраа солих, уйтгарт амьдралын хэв шинжээ эвдэх хүсэлд татагдаж.
Далан нас руу хэвийх тусам түүнийг энэ хүсэл нь гижигдээд болдоггүй. Гэвч нэгэн цагт гоо сайхан явсан бие бялдар нь хатуу ширүүн цаг хугацааны буулганд өмхөрч буй мод шиг болж буйг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй хувь тавилан түүнд иржээ. Залуу амрагуудынхаа өөрөөс нь хэдийнэ холдож байгаа цаг хугацааг зогсоож чадах юм шиг бодож санасан хэвээрээ. Тэр хэрээрээ дур булаам байдлыг улам ихээр хүсэмжлэх болсон байна. Тавь хол гарсан Галад хаягдсан 22-хон настай залуу “Би юу ч ойлгохгүй байна. Би хар тамхи хэрэглэхгүй байгаа, бас уухгүй байна. Би чамд хайртай гэдгээ л мэдэж байна. Намайг битгий орхиоч. Ядаж цахилгаан илгээх ч юм уу ганцхан удаа утасдаач” хэмээн уйлан хайлан захиа бичиж байсан үе түүний амьдралд үлджээ. Ингээд бодохоор энэ эмэгтэй ямар гайхамшиг, мөнхийн үзэсгэлэн гоо байсан нь ойлгомжтой.
“Миний сахиус, миний эрдэнэ, миний алт… миний бүх юм” хэмээн С.Дали түүнийг хайрладаг байж. Галаг 88 насандаа өөд болоход С.Дали “Галагүй ертөнц надад ямар ч утгагүй хоосон санагдаж байна. Авьяас билгээ хэнд, юунд зориулах юм бэ. Би Галад эхээсээ ч, эцгээсээ ч, Пикассогоос ч, тэр ч байтугай мөнгөнөөс ч илүү хайртай” хэмээн бичиж байжээ. Галагаас хойш Дали ч удаан амьдраагүй гунигт түүхтэй юм байна.
Энэ мэт сайхан эмэгтэйчүүдийн шуугиант түүх, дурсамжуудыг энэ номоос уншаад бүсгүй хүн болж төрснөөрөө бахархах цаашлаад амьдралдаа зоригтой алхам хийж үзмээр, өөрчлөлт хийх зориг, омогшил төрөх ажээ.
Я.ЦЭЦЭГ