Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Бүх зүйлийн арга олддог” DNN.mn

Энэ удаа уншигчдадаа “Болор судар” хэвлэлийн газраас орчуулан гаргасан зохиолч Мари Форлеогийн “Бүх зүйлийн арга олддог” номын тухай ярьж өгье. Ном хэвлэгдсэн даруйдаа Нью Йорк Таймсын шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсэн юм. Тус ном нь “Тропикана жүрж”, үр дүнд хүргэх төлөвлөгөө, итгэл үнэмшлийн ид шид, шалтгийг үгүй хий, айдсыг даван туулах нь, мөрөөдлөө тодорхойл, бэлэн болохоосоо өмнө эхэл, төгс төгөлдөрт бүү тэмүүл зэрэг 10 хэсгээс бүрдэнэ. Уг номд бүх зүйлийн арга олддог хэмээх итгэл, сургаалын ачаар урам авч амьдралдаа тохиолдсон хүнд сорилтыг даван туулсан эгэл хүмүүсийн түүх олон бий. Юу ч тохиолдсон учрыг нь олох, оногдсон тавилангийнхаа эзэн болоход шаардлагатай бүхэн бидэнд байгаа тухай өгүүлнэ.

Өөрийн төлөө болон бусдын төлөө бодитой зүйл бүтээх хүчийг оюун ухаан л бидэнд өгдөг. Учир нь материаллаг ертөнцийн бүх зүйлс оюун санааны түвшинд үүсдэг. Бидний оюун ухаанд үүсээгүй зүйл энэ ертөнцөд оршдоггүй. Хүмүүс бид санаа, төсөөллөө амьдралд хэрэгжүүлэх заяагдмал бүтээгчид. Аливааг бүтээх үйл явцыг дараах байдлаар хураангуйлан томьёолж болно. Итгэл үнэмшил – бодол – мэдрэмж – зан төлөв – үр дүн байна. Аливаа асуудлыг шийдэх эсвэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд бид хамгийн эхэнд итгэл үнэмшлээ өөрчлөх ёстой аж. Итгэл үнэмшил өөрчлөгдөхөд бүх зүйл дагадаг байна.

Ахиц дэвшлийн зам олонхын төсөөллөөр шулуун байдаг бол бодит байдал дээр зорилго биелэх цэгт хүрэхэд асар их замыг туулдаг. Унаж босохоос бүү ай, харин алдаа оноогоо хэрхэн бүтээлчээр ашиглах, юу сурч болохыг судал. Нэг алхам урагшлаад дөрвөн алхам ухрах шиг санагдана. Таны бүтээж, хүрч, туулж, мэдрэхийг хүссэн зүйлс бодсоноос тань илүү удаан биелэх магадлалтай. Чадвар болон амбицын хоорондох зайг арилгах арга зам бол төгс төгөлдөр байхад бус ахиц дэвшил гаргахад анхаарах тухай уг номд гарна. Ихийг сурч мэдэх хүртлээ чадлынхаа хэрээр хичээ, ихийг сурч мэдсэн бол улам шаргуу зүтгэ. Өөрийн амьдралдаа хийж буй ахиц дэвшил бүр нь танд бүтээлч сэтгэлгээг суулгах аж.

Дэлхий дээр шалтаг хэлдэг, үр дүн гаргадаг хоёр төрлийн хүн бий. “Би үүнийг мэднэ ээ” гэж бодохын оронд, “Би үүнээс юу сурч болох вэ” гэж өөрөөсөө асуугаарай. Итгэл үнэмшил өөрчлөгдөх дургүйн учир нь бид юмсыг буй янзаар нь биш, өөрсдийн үзэмжээр хардагт байдаг аж.

Мөн номд цагаа дэмий үрснээр ямар боломжуудыг алдах талаар ч өгүүлэх юм.

Уг номд айдсыг даван туулах талаар маш энгийнээр өгүүлнэ. Энэ хорвоод айх зүйл нэгээхэн ч үгүй, харин ойлгох ёстой зүйл л бий. Ирээдүйд бага айхын тулд одоо ихийг ойлго. Айдас бол таны дайсан биш. Айдсыг дайснаа болгох нь маш том алдаа. Өөрийгөө өөрчил.

Уг номд өгүүлдэг үзэл баримтлалуудаас хуваалцвал бусдын бодол санаанд анхаарал хандуулах тусам та тэдний эрхшээлд орно. Таны мэдрэмж яагаад ч бусдын бодлоос шалтгаалах ёсгүй, сэтгэл хөдлөлийг тань хянах хүчийг хэнд ч хэзээ ч бүү өг. Аливаад авах гээхийн ухаанаар ханд. Хүн танд шийдэлд чиглэсэн шүүмж дүгнэлт өгөх үед хэтэрхий сул дорой байвал зарим мэдээллийг сонголгүй орхин, суралцаж чадахгүй юм. Шүүмжлэлээс үнэ цэнийг бий болгож чадахуйц хүчтэй бай. Түүний хэлж ярьснаас юу нь үнэн байж болох вэ, өсөж хөгжих, илүү сайн хийдэг болохын тулд ашиглаж болох зүйл байна уу зэрэг асуултууд танд туслах аж.

Сэдэв бүрийн үргэлжлэл болгож дадал болгох тактикуудаас ч зохиолч хуваалцана.

Бүх зүйлийн арга олддогийг батлах түүхүүдээс яривал “Мансуурах донтой, өрөнд баригдсан, амиа хорлох тухай боддог, сэтгэл санаа нь гүн хямарсан зэрэг олон асуудалтай Ула гэгч бүх зүйлийн арга олддог сургаалын ачаар хорт зуршилгүй, өргүй эрүүл болсон” тухай “27 настайдаа хөхний хорт хавдартай тэмцэхийн хажуугаар гэр бүлийнхээ бизнесийг татварын асуудлаас ангижруулж, орлогоо гурав дахин нэмэгдүүлсэн бүсгүй” зэрэг түүх гарна. Шаргуу хөдөлмөр, тууштай байдалд бүх зүйлийн арга олддог байна.

Энэхүү номыг уншсанаар та үр дүнд хүрэхэд туслах зорилготой “Сурснаа хэрэгжүүлэх дасгал”, дадал болгох дүрмүүд зэрэг олон сонирхолтой зүйлсийг хийх боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *