“Ном ярьж өгье” буланд МУИС-ийн багш физикч, доктор, профессор С.Дамдинсүрэнгийн “Биофизикийн тухай” номын талаар ярьж өгөх гэж байна. Уг бүтээлээ С.Дамдинсүрэн доктор их, дээд сургуулиудад анагаахын ба биологийн физикийн хичээл заасан 45 жил, Олон улсын сурагчдын байгалийн шинжлэх ухааны олимпиад (IJSO)-д Монгол Улсын багийг бүрэлдүүлж оролцсон олон жилийн туршлагадаа тулгуурлан багш, оюутнуудад шинжлэх ухааны цэгцэрсэн мэдлэг олгох, сурагчдын шинжлэх ухааны сонирхлыг дээшлүүлэх зорилгоор бичжээ. Амьд бие түүний бүрэлдэхүүн хэсгүүд ба орчны физик, химийн шинж чанар, амьд биед явагддаг үзэгдлүүдийн тухай энгийн ярианы хэлбэрээр бичсэн эл номыг байгалийн ухааныг сонирхсон сурагчдаас эхлээд багш нар, нийгмийн ажилтан төрийн албан хаагчид, мал аж ахуй, газар тариалангийн салбарынхан, ер нь хэн ч гэсэн уншихад эрхгүй сонирхол татна. Биофизик бол физикийн ба биологийн шинжлэх ухааны огтлолцол дээр бий болсон физиологийн шинжлэх ухаантай хамгийн ойр байгалийн ухааны салбар юм. Үндсэн 16 хэсэг, 122 зургаас тогтох 168 хуудастай уг номын “Биофизикийн тухай товчхон” хэсэгт амьд бие нь орчинтойгоо бодис, энерги, мэдээлэл солилцдог, хувиргадаг, хадгалдаг, зөөж дамжуулдаг задгай систем болох тухай; амьд биед физикийн хуулиуд үйлчилж байдаг болохоор эдгээрийн бүтэц, шинж чанар, тэнд явагдаж байгаа биологийн процесс, үзэгдлүүдийг судалж, амьдрал ахуйдаа хэрэглэхэд физикийн хууль, аргуудыг хэрэглэж байгаа талаар олон жишээ оруулан бичжээ.
“Агаар ба амьд бие”, “Ус ба амьд бие”, “Хөрсний физик шинж чанар” хэсэгт амьд биеийн үндсэн гурван орчны найрлага, бүтэц ба шинж чанарын тухай бичсэн байна. Химийн идэвх муутай азот нь агаарын ихэнх хувийг эзэлдэг боловч хувьслын явцад агаарын азотыг азотын бордоо болгон хувиргадаг бактери хөрсөнд бий болсон тухай; хүчилтөрөгч нь хүчтэй исэлдүүлэгч буюу электроны хүчтэй акцептор тул хувьслын явцад амьд бие хоол тэжээлийг исэлдүүлж түүнд хадгалагдаж байгаа энергийг АТФ (Аденозин Три Фосфат) хэлбэрт хувирган хадгалж байгаад үйл ажиллагаандаа ашигладаг болсон тухай; нүүрс хүчлийн давхар исэл нь ургамал нарны гэрлийн энергийг хоол, тэжээлийн химийн холбоос энергид хувирган хадгалдаг фотосинтезийн түүхий эд болох тухай энгийн үгээр ойлгомжтой бичжээ.
Амьдралын үндсэн орчин болох усны олон шинж чанар нь түүний цахилгаан туйлтай чанартай холбоотой болох тухай; ус нь түүнд байгаа өөх, тос, уураг мэтийн том молекулууд ямар бүтэц үүсэхийг зааж өгдөг чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэдгийг эндээс мэдэж болно. Харин хөрс нь олон янзын бактери, элс хайрга, шавар шороо зэрэг эрдсүүд, тэдгээрийн усанд уусахад үүсэх давсны уусмал ба агаар агуулдаг тухай; хөрсний нягт, чийг, хоосон орон зай буюу сүвшил, эрдсийн бүтцийг тодорхойлох хялбар аргуудтай танилцсанаар тухайн хөрсөнд ургамал ургах боломж, ургамал ургавал ямар ургамалд зохимжтой зэргийг үнэлэх, хөрсний чанарыг сайжруулах аргыг мэдэх ажээ.Өөх тос, уураг, нуклейн хүчлийн бүтэц үүргийн тухай бичсэн “Өөх тос”, “Уураг ба уургийн синтез”,“Фермент”, мөн “Эсийн бүтэц, бүрдэл ба ангилал”-д гэрлийн микроскоп хэрэглэн амьд биесээс тогтдог тухай эсийн онолыг боловсруулахад 200-гаад жил зарцуулагдсан түүх, дараа нь электрон микроскоп хэрэглэн эсийн бүрэлдэхүүн хэсгүүд болох мембран, цөм, цитоскелетон, рибосом, эндоплазмын ретикулум зэрэг эүкариот эсийн бүрэлдэхүүн хэсгүүдийн бүтэц, үүргийг судалсан тухай бичжээ.
“Ионы урсгал ба мембраныпотенциал”, “Эсийн мембранаарион нэвтрэх механизм”, “Бид юмыг хэрхэн хардаг тухай”, “Бид юмыг хэрхэн сонсдог тухай” хэсэг мөн “Шаталт ба бионүүрсний утаагүй зуух”, “Амьсгал”, “Фотосинтез” хэсэгт нүүрс, нефт, шатдаг хий, мод түлээ, аргал хоргол зэрэг түлш хүчилтөрөгчөөр шууд исэлдэх процесс-шаталтын үед, мөн фотосинтезээр үүссэн хоол тэжээлийн бодис амьд биед олон үе шат дамжин хүчилтөрөгчөөр исэлдэх процесс-амьсгалын үед нүүрстөрөгчийн давхар исэл ялгарч хүчилтөрөгч зарцуулагддаг тухай бичжээ.
“Био энергетик хэмжилтүүд” хэсэгт зохиогч МУИС-аас хлорофиллийн флуоресценци ба люминесценци, амьсгал ба фотосинтезийн үед ялгарах нүүрстөрөгчийн давхар исэл ба хүчилтөрөгчийг хэмжих, гэрлийн ойлтоор ургамлын бүрхэвчийг үнэлэх төхөөрөмжүүдийг зохион угсарч, нэг навчнаас эхлээд бүхэл бүтэн эко системийн фотосинтез, амьсгал, хөрсний амьсгалыг хүртэл хэмжсэн судалгааныхаа зарим гол үр дүнг оруулж, учир холбогдлыг тайлбарлажээ. Үүний зэрэгцээ зохиогчийн намтар, ургамлын люминесценцийн дүрс бүртгэх төхөөрөмж, хувьслаараа ялгаатай ургамлуудын хлоропластын бүтэц, малын цус шарж эмчлэх төхөөрөмж, навчны хүчилтөрөгчийн солилцоо хэмжих төхөөрөмж, био нүүрсний электрон микроскопын зураг, байгалийн янз бүрийн бүсийн хөрсний органик бодис ба нүүрстөрөгчийг хэмжсэн үр дүнг нийтэлсэн байна. Эл номын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахаар бол 99727050 утсанд буюу sdamdinsuren@yahoo.com хаягаар хандана уу.