Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Амьдрахуй” DNN.mn

Энэ удаа Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгч Үй Хуагийн бүтээл, Тагтаа Паблишингаас 2018 онд эрхлэн гаргаж, хэвлэгдсэн цагаасаа хэдэн сар жил дамнаж бестселлер болж буй ном “Амьдрахуй”-г ярьж өгье.

“Амьдрахуй” тууж бол аз жаргал, зовлон зүдгүүр хийгээд хүмүүний амьдралын оршихуй, тариачдын тосгон болон тариачин эр Фу Гүйн тухай өгүүлнэ.
Зохиолын гол утга санаа ердөө л амьдрах. Туужид “Амьдрах л аз жаргал, ядуу зүдүү ч хамаагүй” гэж өгүүлсэн байдаг.
Хүний амьдралыг өөрчлөх олон зүйлс бий. Тэдгээрээс хувьсгалт хөдөлгөөн, дайн дажин, гэнэтийн үхэл зэрэг хүний амьдралыг орвонгоор нь эргүүлэх чадалтай. Яг л эдгээр хүчин зүйлс Амьдрахуй туужийн гол дүр Фу Гүйн амьдралыг өөрчилж зовлон зүдгүүр, бас түүнийг давж босох итгэлийг өгдөг. Өөрөөр хэлбэл Фу Гүй хэмээх эрийн гэр бүл амьдралаар дамжуулан аав хүн, ядуу тариачин хүний уйг гашууг мэдрүүлэхтэй зэрэгцэн хятадад өрнөсөн коммунизм боловсролтой нэгнийг буруутган цаазалж, сэхээлэг давхаргыг үгүй хийж байсныг харуулжээ.
Залуу насны алдаа эндлээс болж ядуу дорд амьдрал руу гулссан Фу Гүй өөрт оногдсон хувь тавилангаас бултах, зугтах газар үгүй гэж хувь заяатайгаа эвлэрсэн нэгэн юм. Учир нь тэр хүнд хэцүү амьдралд цөхрөх үе олон байсан ч үхэх, амиа хорлох талаар бодох ч үгүй байна. Үйлийн үр нь боловсорч гүйцсэн Фү Гүй түүнийгээ хүртэх л учиртай байж.
Эцгийг нь нас барсны дараа эхийнх нь бие чилээрхэн эмч залахаар явах замдаа Фу Гүй дайны талбар руу ачигддаг. Дайны талбарт амьд үлдэх л хамгийн чухал, хэдхэн хормын дараа ч үхэж мэднэ. Амьд үлдэх үлдэхдээ хэн нэгний үхлийг тэвчиж, сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Тэр дайны талбараас амьд эргэн ирсэн ч өвчинд шаналсан ядуу гэр бүл угтана. Гэвч цаашид үргэлжлүүлэн амьдрах нь, гэр бүлтэйгээ байгаа нь л хамгийн сайхан.
Туужийн эхлэл хэсэгт Фү Гүй өвгөн ганц үхрээ Фэн Шиа, Жиа Жэн, Ёу Чин, Ван Чи, Кү Гэн хэмээн их олон үхэр тууж яваа мэтээр дуудаж үзэгдэнэ. Гэвч үхэр ганц, өөрийнх нь нэр адилаар Фү Гүй гэх нэртэй ажээ. Учрыг гайхан харсан залуу хүүд өвгөн Фү Гүй:
“Би түүнийг гав ганцаараа газар хагалан зүтгэж байгаа гэдгээ мэдчихвий гэхээс айсан юм. Олон нэрээр дуудах юм бол ондоо олон үхэр, тариа хагалж буй гэж ойлгоод, урамтай гэгч нь урагш зүтгэдэг юм” гэж хариулдаг.
Энэ хэсэг инээдтэй мэт боловч өөрөө өөртөө урам өгч амьдрахаас өөр аргагүй ганцаардмал өвгөний гунигт хувь тавиланг илтгэнэ.
Туужийн төгсгөлд Фу Гүйгийн дэргэд гэр бүлийнхнээс нь хэн ч үлдээгүй. Түүний хүү 13 насандаа сургуулийнхаа захирлыг авраад өөрөө амь эрсэдсэн бол охин нь эмэгтэй хүний ёсоор үрээ төрүүлээд тэнгэрт хальсан.
Ингээд л гансарч үлдсэн Фу Гүй өвгөн хөгшин ганц үхэртээ хандаж “Өнөөдөр Ёу Чин, Ван Ши хоёр газар хагалж байгаа. Жиа Жэн, Фэн Шиа хоёр ч бас долоо найман хэсэгт талбай хагалж буй. Кү Гэн нас бага болохоор хагас талбайг хагална. Харин чи хэчнээнийг хагалахыг би хэлэхгүй. Хэллээ гэхэд лавтай чиний тоцоолсноос дутаах магад. Яриангүй чи минь өтөлжээ. Энэ олон талбайг хагалахад яах аргагүй, хүч хөдөлмөр сэтгэл шаардана шүү…” гэсэн хэсэг бий. Эл хэсэгт мөн л өөрийгөө урамшуулж, өөртэйгөө ярилцаж, өөрийгөө хөгширснийг ч мэднэ. Одоо түүнд үхэл л хамгийн ойр.
Фу Гүйн “Хүний амьдрал энгийндээ сайхан. Тэмц, хувь заяатайгаа хэзээд тэмц. Яг л над шиг. Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй, чи амьдрах л хэрэгтэй. Миний таньдаг хүмүүс нэг нэгээрээ цувран одсон ч би байж л байна” хэмээх үгээр яриагаа дуусгая.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *