Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Ачит номын минь алтан шар зам”

Чингис хааны одонт, академич Х.Намсрай гуайн 2001 онд эрхлэн гаргасан “Ачит номын минь алтан шар зам” номыг та бүхэнд танилцуулж байна.

Зохиогч номын эхэнд “Шинэ зуун, шинэ мянганы эхлэлийн түүхэн мөчид ард олон, айл гэр, албан байгууллага, хүн бүхэн өөрийнхөө туулсан амьдралаа цэгнэн, юу хийсэн, юу бүтээснээ тоймлон ургуулж, алдсан оносноо дэнсэлж, алс хойчдоо урсан хөврөх амьдрал, хөдөлмөрийнхөө алтан шар замын ирээдүйн төлөв байдлыг зураглах энэхүү ховор мөч бидэнд олдсон билээ. Хүн бүрийн туулсан амьдрал адил төсгүй, орчлонгийн олон замын аль нэгийг сонгох бөгөөд энэ нь аль оновчтой болсныг хойч үе минь тунгаан гаргадаг жамтай. Боломжит бүх замын аль нэгийг сонгох нь тэр хүний хувь тавилан гэлтэй. Энэхүү хувь тавилангийн замаар нэг л удаа, зөвхөн нэг л удаа дайран өнгөрдөг нь амьдралын утга учир. Хүний амьдралын туулж өнгөрүүлсэн замыг элдэв ээдрээ, нугачаа, баяр баясгалан, хүнд бэрхийн алаг эрээнийг уран сэтгэмжээр хөврүүлэн гаргахыг урлаг, утга зохиол гэнэ. Харин хүний амьдрал, түүний гаднах орчин, орчлон хорвоогийн үзэгдэл зүй тогтлыг хялбархнаар төсөөлөн зураглахыг шинжлэх ухаан гэж суут хүмүүс үзжээ. Хүний амьдрал, үзэгдэл юмсын утга учрын мөн чанарыг зураглах уураг тархины гайхамшигт чадамжийн энэхүү хоёр өөр толин тусгал ийн болой. Зохиогч миний бие танин мэдэхүйн хоёрдогч хэлбэр буюу шинжлэх ухааны аргаар амьдралд тохиолдсон бодит үнэнийг гаргах зорилт тавилаа. Уншигч олонд толилуулж буй энэхүү номонд би өөрийнхөө амьдралд тохиолдсон учрал, ном эрдмийн замыг сургамжтай хэлбэрээр гаргахыг аль болохоор хичээж, шинэ зуунд эх орныхоо шинжлэх ухаан, оюуны чадамжийг дэлхийд гайхуулах залуу үедээ зориулж бичлээ” хэмээн өгүүлжээ. Тэрээр уг номондоо амьдралд анх хөл тавьсан мөчөөс эхлүүлээд бага балчир нас, номын дөрөөнд хөл тавьсан, номын ханиаолсон, Улаанбаатарыг зорьсон, эрдмийн хаалгыг татсан, эх орны томилолт анх удаа авч гадагшаа явсан, доктор болсон гээд амьдралын бүхий л үе шатаа маш эмх цэгцтэй атлаа, физикч хүний нүдээр нэн сонирхолтой бичжээ. Мөн цаг хугацаа гэж юуг хэлдэг, хязгааргүй боломжоос цор ганц зөвийг хэрхэн сонгодог тухай зөвлөгөө, хорвоо ертөнцийн хөгжил, амьдралын зүй зохилдолгооны талаар сонирхолтой байдлаар “Ачит номын минь алтан шар зам”-д өгүүлсэн байна. Тэгээд номынхоо төгсгөлд Квант механик ба харьцангуй онолынхоо талаар ихэд дэлгэрэнгүй, ойлгомжтойгоор тайлбарлажээ. Түүнчлэн өөрийнхөө амьдралын торгон, дурсамжтай агшныг буулгасан гэр бүлийнхээ гэрэл зургийн нандин цуглуулгаас ч дээжилжээ.

Б.ОДГЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *