Categories
мэдээ цаг-үе

“Ногоон нүдэн лам”-ын хоёрдугаар дэвтэр “Жаран цагаан хонь” роман нээлтийнхээ үеэр 300 ширхэг борлогдлоо

Хөвсгөлийн дуучин Г.Надмид гуайн “Жаран цагаан хонь” дуу Интерномд хангинаж, “Ногоон нүдэн лам” романы зохиолч Ц.Оюунгэрэл мэлмэрүүлж орхив. “Ногоон нүдэн лам”-ын хоёрдугаар дэвтэр нь“Жаран цагаан хонь” нэртэй болж хувирсан нь энэ дууны ид шид бололтой. Зохиолч зангирсан хоолойгоор ярьж байна.

-Энэ номын ихэнхи түүх настай хүмүүсийн амаар яг саяын Г.Надмид гуайн дуу хоолой шиг чин сэтгэлийн үгээр хэлэгдэж, түүнийг нь уран зохиолын аргаар эвлүүлж босгож, бичсэн. Нээлтийн ёслолын хойморт сууж байгаа Хандсүрэн эгч, Баярдалай ах, Билэгдэмбэрэл ах энэ номд нэрээрээ орсон бодит хүмүүс юм. Хүмүүс Баасан, Сэндмаа хоёрын хайр дурлал яах вэ гэж их асуудаг. Би хайр дурлалын тухай та бүхний сэтгэлд хүртэл бичсэн гэж найдаж байна. Хайртай хүмүүс нь хайртай хэвээрээ, дурласан хүмүүс нь дурласан хэвээрээ, жаргал зовлон дундуур тэр хоёрын амьдрал хэрхэн үргэлжлэхийг уншигч та болгооно биз ээ.

Энэ дашрамд номыг хамтран бичиж, есөн жил надтай хамт материал цуглуулсан хамтран зохиогч Жеффри Фолтдоо баяр хүргэе. Жефф маань Америкт байгаа. Номын “Жаран цагаан хонь” нэрийг Жефф өгсөн юм. Би номын нэр өгөхдөө муу. Түүх намтар цуглуулахдаа гайгүй. Баахан материал цуглуулаад, баахан юм биччихдэг. Нэр өгөөч гэж Жеффийг гуйдаг. Жефф номоо уншиж байгаад “Жаран цагаан хонь” гэдэг бүлгийнхээ нэрийг номынхоо нэр болгоё гэсэн. Хүмүүс яагаад хонь гэдэг нэр өгсөн юм бэ гэж асууж байна. Энэ бол хониндоо биш “Жаран цагаан хонь” гэдэг дуугаар нэрлэсэн юм шүү. Г.Надмид гуайн дуулсан энэ дууны тухай номонд гарна.

Эцэг, өвгөдийнхөө түүхийг амьд мэнд байхад нь асууж сурах ёстой юм байна гэдгийг би энэ номыг бичих хугацаандаа ойлгосон. Энэ номыг бичихэд надад аман түүх хэрэг болсон. Бичгийн түүх бараг үлдээгүй. Кино байхгүй, гэрэл зураг үлдээгүй.

Ийм үед түүхэн сэдвээр бичихийн тулд ахмад хүмүүстэй уулзаж ярилцах хэрэгтэй болдог. Хөвсгөл аймагт уулзаж болох бүх ахмад, энэ түүхийг мэдэж болох бүх хүнтэй уулзаж, тэмдэглэл хийсний хүчинд цуглуулсан 100-гаад дэвтэр түүхийг ном болголоо. Тийм учраас залуустаа ахмадуудыгаа хайрлахаас гадна, түүхээ бичиж авч үлдэх нь чухал гэдгийг хэлье. Энэ номыг бичсэний дараа надад мэдээлэл өгсөн настнуудын тал нь бурхны оронд очсон байлаа.

Энэ түүхийг бичээч гэж намайг арваад жил ятгасан аав минь ч бурхандаа явсан.

“Ногоон нүдэн лам”-ыг дөнгөж гарсны дараа аав маань “Миний хүү, Ногоон нүдэн лам”-ын чинь түүх нэг хэрэг, хэлмэгдэл бол нэг түүх, хэлмэгдлийн дараа хамгийн аюултай юм болсон юм шүү дээ.Энэ тухай бичээрэй” гэсэн. Би тэр үед нь аавын хэлсэн үгийн үнэ цэнийг сайн ойлгоогүй. Аав найзуудаа цуглуулаад, гэрт маань настайчуудын уулзалт зохиож, хүн бүрийг “Манай охинд юмаа яриад өг” гэдэг байлаа. Аав маань энэ номын судалгааны ажлын 70 хувийг хийсэн гэж болно. Эмнэлэгт хэвтэхдээ хамт хэвтсэн хүнийхээ намтрыг бичүүлж ирж байсан. Маш олон дурсамжаа бичиж ирүүлсэн ахмадууд маань энэ номын хамтран бүтээгчид юм шүү. Тэдэндээ талархаж байна” гэсэн юм.

Зохиогч мөн “Бид тусгаар тогтнол бол Х.Чойбалсангийн гавьяа гэж ярьдаг. Нам төрийн гавьяа гэж үздэг. Гэтэл тусгаар тогтнолд ард иргэд ямар хувь нэмэр оруулсан юм бэ. Ард түмэн тусгаар тогтнолын алдар гавьяаны хаана явна вэ гэдгийг тэр бүр сурвалжлаагүй юм билээ. Энэ номыг уншихад ард түмэн, малчин ард Монгол Улсын тусгаар тогтнолыг нуруун дээрээ яаж үүрч ирсэн юм бэ гэдэг харагдана.

Улс орон туурга тусгаар, гал голомтоо бадрааж ирэхийн тулд ямар их үнэ цэн төлдөг юм бэ. Тэр үнэ цэн ард түмэнд ямар их хүнд ачаа болж ирдгийг энэ номоос уншаад, эмээ өвөөгөө ойлгох байх гэж бодож байна.

Энэ номыг хүмүүс Баасан, Сэндмаа хоёр яасан бол гэж уншиж эхлээд номоо хаахдаа “Бид хэний босгосон Монгол Улсад амьдарч байгаа юм бэ. Монгол Улсаа бид яаж авч явах ёстой юм бэ” гэж бодно хэмээн найдаж байна гэсэн юм.

Нээлтийн үеэр хөл муутай ээжийгээ унших дуртай номынх нь зохиогчтой уулзуулахаар хичээж буй нэгэн залуу анхаарал татсан юм. “Жаран цагаан хонь” номын нээлт болж байгаа Интерном их дэлгүүрийн том танхим хөл гишгих зайгүй шахам болж, номын зохиогчийг олж харж, үгийг нь сонсно гэдэг амаргүй даваа болсон байв.

Тус дэлгүүрийн нэг болон хоёрдугаар давхрын касс “Жаран цагаан хонь” романыг барьсан хүмүүсийн дараалалд “нэрвэгджээ”. Нээлтээ хийж буй шинэ номын агент А.Ариунтуяа “300 ширхэг ном авчирсан чинь дуусчихлаа. Ахиад 500 ширхэг ном ачуулж байна” хэмээн утсаар ярих нь сонсогдсон.

Харин хэсэг хугацааны дараа хичээл зүтгэлтэй хүүгийн ээж Ц.Болдпионер гуай урдуур суудалд сууж амжсан төдийгүй, зохиогчтой зургаа татуулж харагдана лээ. Ц.Болдпионер гуай ярихдаа “Би гайгүй ном уншдаг байснаа харваад ном уншиж чадахаа байсан юм. Тэгээд “Ногоон нүдэн лам”-ын нэгдүгээр дэвтрийг нь уншихад их таалагдсан болохоор хоёрдугаар дэвтрийнх нь нээлтэнд зорьж ирсэн юм” гэж ярилаа. Тэрбээр Сүхбаатар дүүргийн иргэн юм байна.

Зохиолчтой зургаа хамт авахуулах, шинэ номон дээр нь гарын үсэг зуруулах хүсэлтэй хүмүүс оволзож байна лээ.

Өнөөдөр “Аз хур” номын их дэлгүүрт 16.30 цагаас бас “Жаран цагаан хонь“ номын нээлт болох юм байна.

Гэрэл зургийг Ц.БАЯРБААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *