“Ногоон нүдэн лам” зохиол “Le moine aux yeux verts” нэртэйгээр франц хэлнээ гарах болжээ. Тус номыг Грассе Фаскель (Grasset et Fasquelle) хэвлэлийн газар ирэх арваннэгдүгээр сарын 2-нд нээнэ гэдгээ вэб сайтаараа зарлаад байна. Номыг франц хэл рүү Каталин Балог, Филипп Боне нар орчуулж, номын тухай товч танилцуулгыг францын уншигчдад түгээсэн бөгөөд уг танилцуулгад “Оюунгэрэл, Жефф нарын энэ роман бид бүгдэд мартагдах шахсан Монгол хэмээх оронд II дайны үед болж өнгөрсөн гашуун үйл явдлыг романтик хэлбэрээр толилуулжээ” гэсэн байна.
Францын хэвлэлийн газарт номоо хэвлүүлэхийн тулд Ц.Оюунгэрэл, Жефф нар 2011 оноос хойш уг хэвлэлийн газартай холбоотой байж, 2015 онд гэрээ үзэглэсэн байна. Удаан хугацааны эрэл хайгуулын үр дүнд монголын томоохон роман анхныхаа гадаад зах зээлд гарахад бэлэн болжээ. Харин “Ногоон нүдэн лам” романыг хэвлэх хоёр дахь орон нь Япон болж магадгүй. Учир нь саяхан японы нэгэн хэвлэх газар уг номын монгол, англи эхийг харьцуулж уншихаар захиалан авчээ.