2022 оны Нобелийн энх тайвны шагналыг Орос, Украин, Беларусийн хүний эрхийг хамгаалагчид хүртсэн байна. Уг шагналыг Беларусийн хүний эрхийн “Весна” байгууллагыг үүсгэн байгуулагч Алесь Беляцкий, Оросын хүний эрхийн “Мемориал” /ОХУ-д гадны агентлаг хэмэн хориглосон/ байгууллага, Украины Иргэний эрх чөлөөний төвийг үүсгэн байгуулагч нар авахаар болжээ.Алесь Беляцкий одоогоор хоригдож байна
Беляцкий “Весна” байгууллагыг 1996 онд байгуулжээ. 2011 онд тэрээр татвар төлөхөөс зугтсан хэргээр буруутгагдаж байсан ч олон улсын хүний эрхийн байгууллагууд үндэслэлгүй, улс төрийн нөлөөтэй байна хэмээж, 2014 онд суллажээ. 2020 оны сонгуулийн дараа болсон олон нийтийн жагсаал цуглаантай холбоотойгоор 2021 оны зун түүнийг дахин баривчилжээ. Тэрээр одоо хоригдсон хэвээр байгаа аж.Мемориал байгууллагынхан
1987 онд үзэл санаа нэгтнүүд хамтарч зөвлөлтийн үеийн улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх “Мемориал” байгууллагыг байгуулжээ. Хөдөлгөөний гишүүд хэлмэгдэгсдэд зориулсан хөшөө, дурсгалын цогцолбор байгуулахаар гарын үсэг цуглуулж, төрийн терроризм сэдвээр жагсаал цуглаан, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний семинар зохион байгуулав. Академич, Нобелийн энх тайвны шагналт Андрей Сахаров “Мемориал”-ын Удирдах зөвлөлийн анхны дарга болж байжээ.
2022 оны өвөл ОХУ-ын Дээд шүүх Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлээр “Мемориал”-ыг татан буулгасан байна. Тус байгууллагыг эрх баригчдын нэр хүндийг гутааж, “ЗСБНХУ-ыг террорист улс хэмээсэн” гэж буруутгажээ.Украины эрх чөлөөний төвийнхөн
Украины Иргэний эрх чөлөөний төв нь Украинд хүний эрхийг хамгаалах, ардчиллыг дэмжих зорилгоор 2007 онд байгуулагдсан. Энэ байгууллага Украины иргэний нийгмийг бэхжүүлэх, Украиныг бүрэн ардчилсан орон болгохын тулд эрх баригчдад шахалт үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Нобелийн хорооны мэдэгдэлд дурджээ.
ПУТИНЫ 70 НАСНЫ ТӨРСӨН ӨДРИЙН БЭЛЭГ МӨН ҮҮ?
Тус төвийн тэргүүн Олександра Матвейчук фэйсбүүк хуудастаа “Манай бүс нутагт хүний эрхийн төлөө тэмцэгчдийн дуу хоолойг сонсдоггүй байсан. НҮБ-ын Хүний эрхийн хороо биднийг сонсдог байсан байх, гэхдээ л эрх мэдэлтэй хүмүүсийн шийдвэр гаргадаг танхимд л биш. Бид хууль дээдлэх ёс биш цэргийн хүч илүү ихтэй хүмүүс дүрэм журмыг тогтоодог ертөнцөд амьдармааргүй байгаа бол тэр нөхцөл байдлыг өөрчлөх хэрэгтэй” гэжээ.
Тэрээр “Миний удирддаг Иргэний эрх чөлөөний төв өнөөдөр Мемориал болон Веснагийн найз нөхөд, түншүүдийн хамт Нобелийн шагнал хүртсэнд баяртай байна” гэв.
Норвегийн Нобелийн хорооны дарга Берит Рейс-Андерсен
Норвегийн Нобелийн хорооны дарга Берит Рейс-Андерсен ялагчдыг зарлахдаа, шагналтнууд Беларусь, Орос, Украинд “хүний эрх, ардчилал, энх тайвны төлөөх шилдэг тэмцэгчид” гэдгээ батлан харууллаа гэжээ.
Нобелийн хорооны шийдвэрийг баасан гарагт 70 насныхаа ойг тэмдэглэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины төрсөн өдөрт зориулсан нэгэн төрлийн бэлэг гэж үзэж болох уу гэсэн сэтгүүлчдийн асуултад Норвегийн хорооны төлөөлөгч Рейс-Андерсен энх тайвны шагнал Оросын Ерөнхийлөгчтэй ямар ч хамаагүй гэжээ.
Эх сурвалж: ВВС