Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас наадмын өдрүүдэд 243 байцаагч улсын хэмжээнд ажиллахаар болжээ. Тодруулбал, баяр наадмын өдрүүдэд, давхардсан тоогоор 243 улсын /ахлах/ байцаагч, албан хаагчид хяналт, шалгалт тавьж ажиллана.
Мөн баяр наадмын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Төв Цэнгэлдэх, Хүй долоо худагт байрлах худгын ундны усны чанар, аюулгүй байдалд шинжилгээтэй хяналт хийж, худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгогдож мандат авсан аж ахуйн нэгжүүдэд энэ сарын 7-ны өдөр сургалт зохион байгуулах аж.
Үүнээс гадна эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын талаар зөвлөгөө өгч, НМХГ-аас худалдаа, үйлчилгээнд анхаарах болон хориглосон асуудлыг нэг бүрчлэн тусгасан эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын талаар хэвлэмэл зөвлөмж тараах гэнэ. Харин Төв Цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт явуулын болон түр лабораторит зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүн, ундны усанд итгэмжлэлийн хүрээндээ химийн зарим үзүүлэлтүүдийг газар дээр нь шинжилгээ хийхээр бэлтгэжээ.