Categories
мэдээ цаг-үе

НИТХТ-ийн тогтоолын хийдлийг арилгуулахаар Хууль зүйн сайдад танилцуулга хүргүүлжээ

-НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ 21 ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН ГЭНЭ-

“Цахим тоглоомын газар” нэртэй мөрийтэй тоглоомын газрууд нээгдэж, “Иргэд их хэмжээний мөнгөө алдаж байна” гэсэн гомдол сүүлийн үед цагдаагийн байгууллагад ирэх болжээ. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн тоглоомын газруудыг шалгаж үйл ажиллагааг нь таслан зогсоодог боловч төд удалгүй өнөөх тоглоомын газрууд нь дахин үйл ажиллагаа явуулдаг байна. Үндсэндээ ийм тоглоомын газрууд ихэсч, цагдаагийн байгууллагад дийлдэхээ болиод байгаа аж. Энэ нь дээрх тоглоомын газруудын ард хэн нэгэн эрхтэн дархтан байна уу гэж хардахад хүргэдэг байна. Харин бид ийм төрлийн тоглоомын газрууд нэмэгдэх болсон шалтгаан, үүнд юу нөлөөлж буйг сурвалжиллаа. Эхлээд бид энэ тухай хуульд юу гэж тусгасан байдгийг хүргэе.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино) тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Мөн энэхүү Эрүүгийн хуулийн зүйл заалтыг Улсын дээд шүүхийн 2010 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар тайлбарт “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино) гэдэгт “ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл (токенс) хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаандаа мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос (чип) буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног, төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна” гэж тайлбарлажээ. Дээрх хуулийн заалтаас харвал бүхий л ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл зэргээр тоглосон бүх зүйлийг хууль бус гэж тодорхой хэлж өгсөн байгаа юм.

Хууль бус мөрийтэй тоглоомын газруудтай тэмцэх чиглэлээр Эрүүгийн цагдаагийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газраас хамтран өнгөрсөн онд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байжээ. Энэ үеэр 19 газрын үйл ажиллагааг шалгаснаас зургаан газрынх нь үйл ажиллагааг бүрэн зогсоожээ. Зөрчил гаргасан 12 газарт албан мэдэгдэл хүргүүлсэн байна. Харин он гарснаас хойш энэ төрлийн шалгалтыг хийж, есөн тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоожээ. Үйл ажиллагааг нь зогсоосон тоглоомын газруудад Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэх саналтайгаар холбогдох газарт нь шилжүүлжээ. Харамсалтай нь “Дээрх тоглоомын газрууд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах шийдвэрийг холбогдох газар гаргажээ.

Учрыг нь лавлавал энэ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоос улбаатай аж. Өнгөрсөн онд Нийслэлийн соёл урлагийн газар тоглоомын үйл ажиллагаа явуулах 21 зөвшөөрлийг олгожээ. Ямар учраас ийм зөвшөөрөл олгож буйгаа тайлбарлахыг хуулийнхан хүсэхэд “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны есдүгээр сарын 06-ны өдрийн 155 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт, Соёл, урлагийн төлбөрт үйлчилгээний журмын 1.2.5 “Билльярд, цагариг шидэх, хийн буудлага, лото тоглоом…” гэсэн заалтыг үндэслэн дээрх зөвшөөрлийг өгсөн хэмээсэн байна.

Иймд цагдаагийн байгууллагаас Нийслэлийн соёл урлагийн газрын даргад хууль зөрчин мөрийтэй тоглоомын газруудад зөвшөөрөл өгч буй талаар нь мэдэгдэл хүргүүлж байсан аж. Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус журам нь Эрүүгийн хуультай зөрчилдөж байгаа заалтыг өөрчлөх санал хүргүүлж байжээ.

Энэ саналыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хүлээж авч “2007 оны есдүгээр сарын 06-ны өдрийн 155 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ. Эрүүгийн хуультай зөрчилдөж байсан журмыг хүчингүй болгосон хэмээн хуулийн байгууллагынхан бодож суутал Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 155 дугаар тогтоолоо хүчингүй болгосон ч 2016 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 09 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журмыг шинэчлэн 3.1.3 “Цэнгээнт үйлчилгээний (автомат тоглоом, видео тоглоом, мөсөн болон дугуйт тэшүүрийн талбай, билльярд, боулинг, дэлгэцийн болон мини гольф) газар гэсэн заалтыг нэмж оруулан баталжээ. Ингэхдээ эхний тогтоолоо бүр дордуулан автомат тоглоом гэж нэмж оруулж ирсэн аж. Энэ нь цагдаагийн байгууллагаас хууль бус тоглоомын газруудтай тэмцэхэд улам хүндрэл учруулсан гэж цагдаагийн ажилтнууд ярьж байна.

Учир нь автомат тоглоом гэдэг нь үйлчилгээгээ аваад гарахыг хэлдэг. Гэвч тоглоомын газраар үйлчлүүлэх гэж орж ирээд бооцоотой тоглоод мөнгө хожихыг хэлдэггүй.Тоглоомын газраа мөрийтэй тоглоомын газар болгосон иргэд НИТХТ-ийн 09 дүгээр тогтоолыг үндэслэн бид зөвшөөрөлтэй хэмээн хуулийн цоорхой ашиглан хэл ам хийх болсон гэнэ. Иймд цагдаагийн байгууллагаас мөрийтэй, бооцоотой тоглохыг хориглох гэх мэтээр дээрх тогтоолд оруулах хэрэгтэй, хэрэв тэгэхгүй бол Эрүүгийн хуультай зөрчилдөж байна хэмээн үзэж Хууль зүйн сайдад танилцуулга хүргүүлжээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 21 газар үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тухайлбал, Баянгол дүүрэгт найм, Сонгинохайрхан дүүрэгт нэг, Баянзүрх дүүрэгт дөрөв, Хан-Уул дүүрэгт дөрөв, Сүхбаатар дүүрэгт нэг, Чингэлтэй дүүрэгт гурван тоглоомын газар байгаа юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *