Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдав. Хурлаар сонгуулийн 45 тойргийг хэвээр үлдээсэн байна. Харин Багахангай дүүрэгт анх удаа сонгуулийн мандат олгохоор боллоо. Учир нь Багахангай дүүрэгт логистик төв болон үйлдвэр олноор барих юм байна. Мөн энд цахим газар олголтоор 11 мянган иргэн газартай болсон юм. Энэ нь ирээдүйд 11 мянган өрх тийшээ шилжин сууршина гэсэн үг тул хотын ИТХ-д төлөөлөгч сонгох нь зүйтэй гэж нийслэлийн ИТХ дахь АН болон МАХН-ын бүлгийнхэн үзжээ. Одоогоор Багахангай дүүрэгт 6000 орчим иргэн амьдардаг.
Хуучин сонгуулийн тогтолцоогоо хадгалж нэг тойрогт 3000-4000 сонгогч байхаар тооцож тойргийг хуваажээ. Хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр есөн тойрог, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүрэг тус бүр зургаан тойрог, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг тойрогт нэр дэвшигчид хуваагдаж дэвшихээр болов.
УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн дагуу хүн амын тоог харгалзан сонгуулийн тойргийн мандатыг хуваарилахаар болсон. Иймд нийслэлийн ИТХ мандатаа шинэчлэн тогтоож байгаа юм.
Нийслэлийн Статистикийн газрын 2014 оны хүн амын тооллогын дүнг үндэслэн 1 тойрог 1 мандат гэсэн зарчмаар
– Баянзүрх 9 тойрог 9 мандат,
-Сонгинохайрхан 9 тойрог 9 мандат,
-Баянгол 6 тойрог 6, мандат,
-Чингэлтэй 6 тойрог 6 мандат,
-Хан-Уул 6 тойрог 6 мандат,
-Сүхбаатар 6 тойрог 6 мандат,
-Налайх 1 1 тойрог 1 мандат
-Багахангай 1 1 тойрог 1 мандат
-Багануур 1 1 тойрог 1 мандат тус тус ногдуулахаар тооцож 45 мандаттайгаар 45 тойрог байгуулахаар төсөлд тусгасан байна.