Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна

Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаан Хангарди ордонд эхэллээ. Хуралдаанд ирэх ёстой 45 төлөөлөгчөөс 30 төлөөлөгч ирж хуралдааны ирц 65 хувьтай байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд хотын дарга ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө НИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн гол цөм нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий, олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болоход чиглэж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр нь эдийн засаг, хот байгуулалт дэд бүтэц, байгаль орчин ногоон хөгжил, нийгмийн хөгжил, засаглал гэсэн 5 бүлэгтэй, 90 зорилттой. Хөтөлбөрийг хотын эдийн засгийн тогтвортой бие даасан байдлыг бүрдүүлэх, хотын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхдээ иргэд, хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтдаа шийдэж байх, иргэдийн ажиллаж амьдрах орчинг сайжруулах, амьжиргааны түвшний ялгааг бууруулах, засаглалын хувьд тогтортой, ил тод тэгш байдлыг тогтоох гэсэн үндсэн аргачлал дээр тулгуурлан боловсруулсан байна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Эдийн засгийн сайжруулах нь хотын даргын өмнөө тавьсан гол зорилтын нэг. Өнөөдөр эдийн засаг хүнд, хямралтай байгаа ч хотын удирдлагын хувьд эдийн засгийн ихээхэн өөдрөг төсөөллөөр харж, томоохон зорилт тавин шургуу ажиллах ёстой гэж үзэж байна. Мөн хотын засаглалын хүрээнд бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлхэд төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан санхүүжилтийн шинэлэг тогтолцоог нэвтрүүлж эдийн засгийн өсөлтийг хангаж ажиллана. Үйлдвэр инновацыг цогцоор нь хөгжүүлсэн хот болно. Улаанбаатар хотод монгол Улсын боловсруулах үйлдвэрлэлийн 70-80 хувь нь байсан. Бид хамгийн сүүлийн үеийн технологид тулгуурласан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг нутагшуулсан хот болохоор зорьж байна. Гэхдээ үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ хотын дагуул хот, шинэ суурьшлийн бүсүүдэд үйлдвэрлэл технологийн паркуудыг түшиглэн хөгжүүлэхээр тусгасан” гэлээ.

Хотын даргын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хотын хүнс хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж, өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэх нөхцөл боломжоор ханган, нийслэлийн иргэдийг жилийн турш шинэ хүнсний ногоо жимс жимсгэнээр хангах бололцоо бүрдүүлэх, газрын харилцааг ил тод болгож, газрыг цахим хэлбэрээр худалдах, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрын сан байгуулах зэрэг ажлууд ч тусгасан байна.

Мөн гэр хорооллын дэд бүцтийг сайжруулах, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүцтийг дуусгаж, “Дамбадаржаа”, “Яармаг”, “Дэнжийн мянга” гэсэн хотын дэд төв байгуулах ажлыг эхлүүлэхээр тусгажээ.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ менежмент нэвтрүүлж, ачааллыг 50 хүртэл хувиар бууруулна, хотын автозамын сүлжээг сайжруулж төмөр замаар тусгаарлагдсан гудамж, замуудыг холбосон нүхэн гарц шинээр барина, гол гудамж, замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг сайжруулна, Баруун, Зүүн 4 замын уулзварт олон түвшний огтлолцол байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалт хийхээр хөтөлбөрт тусгаган байна. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор тусгай замын автобус буюу BRT-ыг ирэх жилийн 9 сараас эхний шугамыг нээж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаа хуралдааны үеэр хотын дарга хэлсэн юм. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, баталсны дараа бүрэн эхээр нь олон нийтэд танилцуулах болно. НИТХ-ын нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *