Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын дэргэд эрдэмтэн, судлаачдын зөвлөл байгуулагдана

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар орон тооны бус 3 зөвлөл байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Зөвлөх зөвлөл, Эрдэмтдийн зөвлөл, Экспертийн зөвлөл байгуулах тогтоолын төслийг тэргүүлэгчид 100 хувийн саналаар дэмжлээ.

Дээрх зөвлөлүүдийг байгуулсанаар Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо шинжлэх ухаан, судалгаанд тулгуурлан, салбартаа тэргүүлэгч эрдэмтдийн санал санаачлагыг сонсож, төрийн ажлын дадлага туршлагатай эрхэмүүдийн зөвлөгөөнд суурилан боловсруулах шийдвэр гаргаж байгаагаа НИТХ-ын дарга Ц. Сандуй онцолсон юм.

НИТХ-ын 2012 оны сонгуульд МАН аливаа төрийн ажлыг явуулахдаа судалгаа шинжилгээнд тулгуурлан, алсын хараа, бодлогын зарчмыг баримтлахаа ”Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ дагуу НИТХ-ын дэргэд орон тооны бус 3 зөвлөлийг байгуулж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан ажлын дадлага туршлагатай хүмүүсээр Зөвлөх зөвлөлийг байгуулна. Энэ зөвлөл нь 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм.

Зөвлөх зөвлөлийг дараах гишүүдтэйгээр байгууллаа.

Ж. Ядамсүрэн НИТХ -ын дарга 1992- 1996

Ц. Баасанжав НИТХ-ын дарга 1996 – 2000 он

Т. Билэгт НИТХ -ын дарга 2000 – 2004 , 2008 – 2012

Н. Болормаа НИТХ -ын дарга 2004 – 2007

Г. Мөнхбаяр НИТХ -ын дарга 2007 – 2008

Д. Баттулга НИТХ-ын дарга 2012 – 2016 он хүртэл ажиллаж байсан хүмүүс

багтаж байна. Харин Зөвлөх зөвлөлийн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар 12 жил НИТХ -ын нарийн бичгийн даргаар ажилласан Г. Маналжавыг сонголоо.

Эрдэмтэдийн зөвлөл, экспертийн зөвлөлийн тухайд мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, доктор цолтой, стратегийн тэргүүлэх чиглэлээр дагнан судалгаа шинжилгээ хийсэн эрдэмтэн, зөвлөхүүдээс нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож ажилууллах юм байна. Орон тооны хувьд 5 – 9 хүртэл байхаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнөөдрийн хуралдаанаараа шийдвэрлэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *