НИТХ-ын дарга С.Амарсайхан өчигдөр Улаанбаатар хотын Инновацийн төвөөр орж, гарааны бизнесээ эхлүүлж байгаа компанийн залуустай уулзах үеэр, “Нийслэл хотын өмнө тулгамдсан агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд шинэ технологи, шилдэг туршлагыг судлан нэвтрүүлж, инновацийн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд шинэ залуу боловсон хүчин та бүхний үүрэг оролцоо чухал” гэдгийг онцлов. Улаанбаатар хотын Инноваций төвийг энэ оны 6-р сард шинээр байгуулан нээж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотод инновацийн экосистемийг бүрдүүлэх, шинэ санааг хөгжүүлж, инновацид суурилсан гарааны бизнесийг дэмжих, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцэхүйц өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг төвийн дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэв. Улаанбаатар хотын хүн амын олонхийг залуус эзэлдэг залуусын цөөнгүй хэсэг нь шинэлэг санаа хайж, амжилттай бизнес эрхлэх боломжийг эрж хайдаг ч шаардлага хангасан нөхцөл байдаггүйг харгалзан энэхүү төвийг төвийг нийслэлд анх удаа байгуулсан байна. Дэлхийн томоохон хотуудад байдаг ийм төвүүд нь залуучуудад зориулсан дэвшилтэт технологи бүхий туршилтын лаборатори, ая тухтай хамтын оффис, инкубатор орчныг бүрдүүлсэн байдаг нь “Старт ап” буюу гарааны бизнесээ эхлүүлэх сонирхолтой залуучуудыг татаад зогсохгүй, тэдэнд бодитой дэмжлэг болж шинэ санаа, инновациа хэрэгжүүлэхэд учирдаг бэрхшээлийг даван туулахад тус дэм болдог тухай инновацийн хөтөлбөрт хамрагдан гарааны бизнесээ эхлүүлж байгаа залуус дурьдлаа. Мөн тухайн салбартаа амжилттай ажиллаж буй бизнес эрхлэгчдээс бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн орчин үеийн чиг хандлага, бизнесийн стратеги, гол анхаарах зүйлс болон түгээмэл гаргадаг алдаануудын талаар зөвлөгөө, мэдээллийг олгох хөтөлбөрийг Инновацийн төвөөс хэрэгжүүлж байгаад талархаж явдагаа илэрхийлж байв.
С.Амарсайхан залуусын төлөөлөлтэй уулзаж санал солилцох үеэр мэдээллийн технологи, инновацийн салбарыг хөгжүүлэхэд анхаарч, улмаар дүүрэг бүрт Инновацийн төвийн салбарыг байгуулах зэргээр дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж, төвийнүйл ажиллагаанд нь амжилт хүслээ гэж НИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээлэв.