Categories
мэдээ улс-төр

Нитх дахь ан-ын бүлгийн дарга Ц.Баатархүү хороодод орох төлөөлөгчдийнхөө нэрийг өнөөдөр өгчээ

НИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр өглөө мэдээлэл хийсэн. Тэд НИТХ нээлттэй үйл ажиллагаа явуулах зарчмаас ухарч, сар бүр хуралдахгүй байгаагаас Улаанбаатар хотын ажил амьдрал, бүтээн байгуулалт тасалдаж байна гэж мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ “НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү тэргүүлэгчдийг томилохгүй байна гэж мэдээлсэн. Үнэн хэрэгтээ НИТХ-ын анхдугаар хуралдаан долдугаар сарын 6-ны өдөр болсон. Анхдугаар хуралдааны шийдвэрээр тэргүүлэгчдийг сонгох тогтоол гарч, тэргүүлэгчид томилогдсон. Одоо хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэргүүлэгчдийн хурал нийтдээ 5 удаа хуралдаж, 19 асуудал хэлэлцэн, 17 тогтоол шийдвэр гаргасан” гэлээ.

“НИТХ-ын нэгдсэн хуралдаан дэгийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт хуралддаг. Ажлын хороод, дэд хороод бол НИТХ-ын үндсэн дотоод зохион байгуулалтын нэгжүүд байгаа. Хоёрдугаар хуралдаан 8 дугаар сарын сүүлийн долоо хоногт хуралдах ёстой байсан. Хойшилсон шалтгаан нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн 8 сарын 17-ны өдрийн 11 тоот тогтоолоор ажлын хороод, дэд хороодын бүтэц хэд байхыг шийдвэрлэсэн. Үүний дараа намын бүлгүүд иргэдийн хурлын төлөөлөгчдөө өөр өөрийн харьяалагдах хороог ирүүлэх ёстой. Үүний дараа нэгдсэн хуралдаанаар тэргүүлэгчдээр хэлэлцэх ёстой байдаг. Өнөөдөр НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү энэ саналаа албан бичигээр ирүүлсэн. Саналаа ирүүлсэн учраас маргааш тэргүүлэгчдийн хурлаа зарлан хуралдуулна.” гэж мэдээллээ.

Үүнээс гадна хурлын ажлын албатай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. “Ажлын алба 40 хүнтэйгээс 35-ыг нь үндэслэлгүй халсан гэж АН-ын бүлэг хэлсэн. 2012-2016 онд ажлын алба 40 орон тоотой байсан. Үүнээс 23 нь улс төрийн албан хаагчид байсан. 17 нь төрийн захиргааны үндсэн албан хаагчид гэсэн үг. 2016 онд Шударга ёс эвсэл суудал аваагүй учраас гурван хүн бүхий бүлэг нь татан буугдсан. АН-ын бүлгийн 2 албан хаагчийг ажлаас чөлөөлөх албан бичгийг бүлгийн дарга ирүүлсэн. Намайг ажлаа авахад (7 дугаар сарын 29) 15 хүн байсан.Үүнээс жирэмсний амралтаа авсан нэг хүн эргэж ажилдаа орсон. 2012 онд ажиллаж байсан 2 албан хаагч үндэслэлгүйгээр ажлаас халагдсан нь шүүхээр тогтоогдсон учраас буцаж ажилдаа томилогдсон. Хоёр хүн жирэмсний амралт авсан. 1 хүн ажлын байрны шаардлага хангаагүй учраас чөлөөлөгдсөн. Ингээд одоо 5 албан хаагч ажлаа хийж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *