Нийслэлийн цагдаагийн газар, Улаанбаатар смарт карт компаниуд энэ оны гуравдугаар сард Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжүүдтэй хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж зургадугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд бүх автобусыг бүрэн камержуулах асуудлыг хэлэлцэж байсан. Үүний дагуу өнөөдөр /2019.07.02/ 28 аж ахуй нэгжийн 1226 автобусыг бүрэн камержуулан хүлээлгэн өглөө. Нийтийн тээврийн бүх автобусыг камержуулснаар халаасны хулгайн гэмт хэргийн гаралтыг бууруулах үүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, жолооч нарын үүрэг харуцлагыг дээшлүүлэх зэрэг олон асуудал шийдэгдэх ач холбогдолтой гэж албаныхан үзэж байна. Мөн авто тээврийн улсын байцаагч нар камернуудыг хянаж нэгдүгээр эгнээгээр зорчсон, автобусны буудал дээр зогсож хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслүүдийн зөрчлийг илрүүлэн хянаж, торгуулийн арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байна.
“Улаанбаатар смарт карт” компанийн менежер Ц.Түвшинжаргал “Манай компани камерын засвар үйлчилгээ, сайжруулалтын асуудлыг хариуцна. Харин эвдрэл гэмтлийг тухайн нийтийн тээврийн аж ахуй нэгж хариуцна. 2015 онд төсөл хэрэгжиж эхлэхэд нийтийн тээврийн автобуснуудыг бүрэн камержуулах ажил хийгдсэн. Энэ онд хамтарсан үйл ажиллагааны ажлын хүрээнд хийсэн хяналт шалгалтаар камернуудын 50 хувь нь гадны нөлөөтэйгээр ажиллагаагүй болсон байсныг 123 сая төгрөгийн зардал гаргаж, 1226 автобусыг бүрэн камержуулсан. Ийнхүү нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа бүх автобус хяналтын камертай боллоо” гэв.