Ирэх дөрөвдүгээр сараас нийслэлийн нийтийн тээвэрт шинэчлэл хийгдэх бололтой. Тухайлбал, иргэд автобусанд суухдаа цахим карт уншуулж үйлчлүүлдэг болох юм байна. Улаанбаатар хотын хэмжээнд 500 цэг дээр карт цэнэглэх төхөөрөмж суурилуулж, тэр цэгүүдээс картаа цэнэглэн автобусанд суурилуулсан төхөөрөмжид уншуулж зорчих аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийтийн тээврийн “Ухаалаг Улаанбаатар” төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан “Дата Карт консерциум”-ын удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрсөн есдүгээр сард байгуулсан билээ.
Тус төслийн хүрээнд Нийтийн тээврийн хяналт удирдлагын систем, Мэдээлэх систем, Автомат төлбөр хураалт гэсэн 3 дэд төслийг хэрэгжүүлэх гэнэ. Ингэснээр нийтийн тээврийн автобусуудад GPS суурилуулж, хаана, хэдэн цагт, ямар маршрутаар явж байгаа талаар бүрэн мэдээллийг нэгдсэн төвөөс авах нөхцөл бүрдэх юм.
Мөн цахим картын үйлчилгээтэй холбоотойгоор цахим төлбөрийн картыг цэнэглэх, борлуулах цэгийг автобусны буудлын ойролцоох хүнсний дэлгүүр, сонин борлуулах мухлаг зэрэгт байгуулах аж.
Төслийг хэрэгжүүлснээр автобусны жолооч нарт эвдрэл, саатал гарсан тохиолдолд товчлуур даран үйлчилгээний төв рүү мэдээлэл илгээх, бууж сууж байгаа болон доторхи бүх зорчигчдоо бүрэн хянах, хаалга онгойх, хаагдах мэдээлэл ирэх зэрэг давуу талтай гэнэ. Харин зорчигчдод автобус буудал дээр ирэх, хөдлөх цагийн бодит мэдээллээр хангагдаж, автобусан дотор чиглэл, буудлын нэрийг зарлах, цагийн хуваарь графикийн дагуу үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна. Төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй бүх автобус, автобусны буудлыг камержуулж орчин үеийн нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэх нөхцөлөөр бүрэн хангана гэж төсөл хэрэгжүүлэгч тал онцолжээ.