Categories
мэдээ нийгэм

“Нийтийн сонсголыг үр дүнтэй зохион байгуулах нь” сэдэвт сургалт эхэллээ

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын Ардчиллын Түншлэл хамтран “Нийтийн сонсголыг үр дүнтэй зохион байгуулах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалт хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд газрын ажилтнууд, улс төрийн нам, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл зэрэг 100 гаруй оролцогчдыг хамруулах юм байна. Өнөөдөр уг сургалтын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “Нийтийн сонсгол бол төрийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах, ардчиллыг бэхжүүлэх төгөлдөржүүлэх, парламентын хяналтыг боловсронгуй болгох, ил тод байдлыг хангах үр дүнтэй арга хэрэгсэл. Монгол Улсын Их Хурлаас 2015 онд Нийтийн сонсголын тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх процессыг зохицуулсан Нийтийн сонсгол зохион байгуулах журмыг баталсан. Ингэснээр нийтийн сонсгол зохион байгуулах эрх зүйн орчин бүрдсэн ч түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдлээ хүлээсэн олон асуудлууд байна. Сүүлийн үед нийтийн сонсгол явуулах талаар улс төрчид, иргэдийн зүгээс хүсэлт, шаардлагуудыг тавьж байгаа. Энэ сургалт семинар нийтийн сонсгол зохион байгуулах чиглэлээр УИХ-ын чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, Нийтийн сонсголын тухай хуулийг бодит байдал дээр хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Сургалтын хүрээнд нийтийн сонсголын төрөл, зорилгыг тодорхойлохоос гадна сонсголыг үр дүнтэй зохион байгуулахтай холбоотой дүрэм журам, олон улсын жишиг, практик, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд нийтийн сонсголыг хэрхэн ашиглах талаар ярилцаж, туршлага солилцох юм.

“Нийтийн сонсголыг үр дүнтэй зохион байгуулах нь” сэдэвт сургалтыг Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын Ардчиллын Түншлэлийн сургагч багш, Конгрессын гишүүний ажлын албаны дарга асан Бред Смитт удирдан явууллаа. Тэрбээр, “Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын Ардчиллын Түншлэлийн хүрээнд зохион байгуулж буй нийтийн сонсголын сургалт нь Монгол Улсад оролцоог хангасан ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой. Бид өмнө нь Монгол Улсын Их Хуралтай хамтран хууль тогтоох байгууллагын хяналт, байнгын хороодын үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ, иргэдийн оролцоо, цахим засаглал зэрэг олон сэдвээр сургалтуудыг амжилттай хийсэн туршлагатай. Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн болон Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын Ардчиллын Түншлэлийн зөвлөхийн шугамаар дэлхийн 25 улсын хууль тогтоогчид, парламентын ажилтнуудтай хамтран ажиллаж, өөрсдийн туршлагаас хуваалцдаг. Бусад олон улсын байгууллагаас ялгарах онцлог нь бид сонгож авсан улс орнуудтай хамтран ажиллаж, түншилдэг. Тухайн улс орныг сонгохдоо бид хамтран ажиллах чадавхтай эсэхэд анхаардаг. Ардчилсан институтыг бэхжүүлэхэд парламентын Тамгын газрын ажилтнууд УИХ-ын гишүүдээс дутахгүй үүрэг хариуцлагыг хүлээдэг. Байнгын хороод бол парламентаас гарах шийдвэрийг боловсруулан хэлэлцүүлдэг учраас хууль тогтоох “бэсрэг” байгууллага гэхэд хилсдэхгүй. Тиймээс байнгын хороодын ажилтнуудын үүрэг өндөр байдаг” хэмээн онцоллоо.

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн нь Монгол Улсад 27 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд парламентын тогтолцоог хөгжүүлэх, улс төрийн намуудыг чадавхжуулах, сонгуулийн тогтолцоог сайжруулах ажлын хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд, сонгуульт албан тушаалтнуудтай болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Мөн тус байгууллага нь ардчиллын хөгжил, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог дэмжихэд туслалцаа үзүүлэх зорилготой сургалт семинар, туршлага солилцох хөтөлбөрүүдийг хууль тогтоогчид болон хууль тогтоох байгууллагын ажилтнуудад зориулан зохион байгуулж иржээ.

Харин Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын Ардчиллын Түншлэл нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь 20 гишүүнээс бүрдэх нам бус комисс юм. Дэлхий даяар түнш орнуудын үр дүнтэй, хараат бус, хариуцлагатай хууль тогтоох байгууллагуудыг хөгжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажилладаг байна.

Уг сургалтын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Монгол дахь Суурин төлөөлөгч Крэйг Кастанья, Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын Ардчиллын Түншлэлийн хөтөлбөр хариуцсан БНОУХ-гийн мэргэжилтэн Скотт Немет болон албаны бусад хүмүүс байлцав. Энэ удаагийн сургалтыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа ажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *