МҮБХ-ноос улирал тутамд зохион байгуулдаг Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Нийтийн монгол шандастны барилдаанд 288 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат Цогбаярын Галданбазар 9 даван түрүүлсэн бол Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Цэрэнгийн Гантогтох 8 даван үзүүрлэв.
Их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат А.Бямбабаяр шалгарсан бол дунд шөвөгт Завхан аймгийн Тэс сумын харьяат, А.Даваацэрэн, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, Б.Ууган нар үлдэв.
Харин өсвөр бөхийн барилдаанд 84 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Аварга дунд сургуулийн сурагч М.Өсөхжаргал түрүүлж, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, 3-р сургуулийн сурагч С.Ариунбат үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Аварга дунд сургуулийн Б.Сумъяабазар шалгарч, дунд шөвөгт Ховдын О.Мөнхбат, Төвийн Б.Лхагважав, Аварга сургуулийн А.Сумъяабазар нар үлдлээ.
Маргааш 12:00 цагаас Аймаг, цэргийн начин цолтнуудын ээлжит барилдаантай. Бөхийн тоо хязгааргүй. Бүртгэл 10:00 цагаас бөхийн өргөөнд эхэлнэ.