Categories
мэдээ улс-төр

Нийтэд тустай ажил хийх ялыг өргөн хэрэглэх боломжийг бүрдүүлнэ гэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад дэвшилтэт зохицуулалт нэлээд туссан ч практикт уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсгэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн техникийн хувьд дутагдалтай, утга найруулгын алдаатай заалтууд байгааг залруулах, Эрүүгийн хууль зорилтоо бүрэн хангахуйц, заавал хэрэгжих, хүн бүрд тэгш, алагчлалгүй, шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уг төслийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх олон улсын байгууллагаас манай улсад өгсөн зөвлөмж, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн тоон мэдээлэл болон эрдэмтэн, судлаачид, иргэд, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудаас ирүүлсэн санал, зөвлөмжид үндэслэснээс гадна ОХУ, ХБНГУ-ын Эрүүгийн хууль, олон улсын эрдэмтдийн хамтран гаргасан “Эрүүгийн загвар хууль”-ийн зохицуулалтыг судлан үзсэн байна. Үүний үндсэн дээр зарим нэр томьёог тодорхой болгох, эрүүгийн хариуцлагын тухай ойлголт, гэмт хэрэг нийгэмд аюултай шинж, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байх зохицуулалтыг Эрүүгийн хуульд нэмэхээр тусгасан байна.

Эрүүгийн хариуцлага хувь хүн, хуулийн этгээдэд гарцаагүй байх, түүнчлэн гэмт хэрэг илрүүлэхэд бодит туслалцаа үзүүлсэн эрх бүхий байгууллагатай хамтран ажилласан тохиолдолд ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх, гэмт хэргийн ангилалд шинжүүдийг тодорхой тусгасан гэв. Мөн уг хуулийг хэлэлцэх шатанд уг хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулах, “шоронжуулах” явдлыг багасгана гэх зорилтыг дэвшүүлж байсан боловч батлагдсан хуулийн тусгай ангид заасан бүх гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар байгаа нь хуулийн үзэл баримтлал, дэвшүүлсэн зорилттой нийцэхгүй байх тул зарим төрлийн нийгэмд учруулах хор аюул багатай гэмт хэргүүдэд хорих ял оногдуулахгүй байх, үүнтэй холбогдуулан хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг өргөн хэрэглэх бололцоог бүрдүүлэх зорилгоор нийтэд тусгай ажил хийх ялыг оногдуулах боломж нөхцлийг нэмэгдүүлсэн зохицуулалтыг тусгажээ. Хорих ялын доод хугацаа 7 хоног байсныг 6 сар байхаар зааж, үүнтэй уялдуулан нийтэд тустай ажил хийлгэх ялыг үндсэн ялд тооцох зохицуулалтыг хийсэн байна.

2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 440 заалтын ердөө хоёр заалтад нийтэд тустай ажил хийх ял ногдуулахаар заасан байсныг өргөтгөсөн гэлээ. Мөн улс орны эдийн засаг, хүн амын амьжиргааны түвшинтэй уялдуулан торгуулийн нэг нэгжийг 2000 төгрөг байсныг бууруулан 1000 төгрөгтэй тэнцүү байхаар өөрчилсөн байна. Түүнчлэн уг хуулийг практикт нэг мөр хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэх эрсдэлтэй, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байсныг нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр залруулахаар боловсруулсан гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулгадаа дурдсан юм. Мөн Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, хяналтын систем, Монгол Улсын байр зүйн зургийг улсын нууцаас гаргаж, тоон хэлбэрт шилжүүлэх зэргийг шийдвэрлэх, холбогдох дэд бүтцийг бүрдүүлэх шаардлагын улмаас Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, хорих ялын доод хэмжээг 6 сар болгон өөрчилж байгаа нь ямар үндэслэлтэй болохыг лавласан. Хорих ялын хэмжээ нь 7 хоног байх нь гэмт хэргийг магадлан тогтоох, шүүх шийдвэрлэх, давж заалдах зэрэг үйл явцтай хамааралтайгаар Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчих, хүний эрх зөрчигдөх, шийдвэрийн биелэлтэй холбоотой бэрхшээл үүсэх магадлалтай. Түүнчлэн хорих байр байхгүй сум, аймгаас өөр аймаг руу шилжүүлэх явцад ялын хугацаа дуусах зэрэг практикт хэрэглэхэд бэрхшээл гарах эрсдлийг тооцон эдгээр зохицуулалтыг оруулсан талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тайлбарлав. Эрүүгийн хууль 440 заалтаар хорих ял ногдуулахаар байгаа нь танилцуулга, үзэл баримтлалтайгаа зөрчилдөж байгааг өөрчлөн гэмт хэргийн хор хохирол, шинжийг харгалзан үзэж, аль болох шоронд хорихоос татгалзан ялын бусад төрлийг ногдуулахаар хорих ялын доод хэмжээг өөрчилсөн гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, талууд байгуулсан гэрээ, хэлцэлийнхээ үүргээ биелүүлээгүйгээс үүдэн нөгөө талдаа хор хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог байсныг өөрчилсөн нь хэр оновчтой болохыг тодруулан, үүнээс үүдэх үр дагаварын талаар судалгаа, тооцоолол хийсэн эсэхийг лавласан.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, иргэний хэлцэл, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хор хохирлын улмаас эрүүгийн хэрэг үүсгээд байгаатай холбоотой асуудлууд гарч, хууль тогтоогчдоос үүнтэй холбоотойгоор ирүүлсэн саналуудыг үндэслэн захиргааны актын улмаас үүргээ биелүүлээгүй тохиолдол нь захиргааны эрх зүйн харилцаагаараа Захиргааны шүүхээр, иргэний хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаагаараа Иргэний шүүхээр шийдвэрлэгдэх ёстой. Энэ нь харин гэмт хэргийн шинж агуулсан, нийгэмд аюултай үйлдэл байх юм бол Эрүүгийн хуулиар шийдэгдэх болно гэдгийг тайлбарласан юм.

2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд хөндлөнгийн этгээдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс аргагүй хамгаалалт хэрэглэхтэй холбоотой ойлголтыг үгүй болгосон гэдгийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хэлээд, энэ зохицуулалтыг өөрчилсөн эсэхийг тодрууллаа. 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйл аргагүй хамгаалалтын талаарх зохицуулалтууд байгаа бөгөөд нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд эдгээр зохицуулалтыг өөрчлөөгүй хэмээн салбарын сайд хариулав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн тодруулсны дагуу, авлигын гэмт хэргийн шинж байдлаас хамаарч эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг тодорхой заагласан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт дэлгэрэнгүй тайлбарлалаа. Аливаа этгээд гарцаагүй байдалд орсны улмаас авлигал өгсөн, энэ нь нотлогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Харин зохион байгуулалттайгаар, захиалгаар, гэмт хэрэгт хамруулах зорилгоор авлигал өгсөн нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, торгуулийн нэгжийн хэмжээг ямар үндэслэлээр бууруулсныг тодруулав.

2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих Эрүүгийн тухай хуульд торгуулийн нэгж 2000 төгрөгтэй тэнцэхээр заасан байгаа, уг хуулийн төслийг 2013 онд боловсруулж эхэлсэн бөгөөд түүнээс хойших хугацаанд нийгэм, эдийн засгийн амьдрал, иргэдийн амьжиргааны чанарт нэлээд өөрчлөлт гарсан. Тодруулбал, Үндэсний статистикийн хороо болон Дэлхийн банк амьжиргааны болон ядуулын түвшин тогтоох судалгаа хийсэн ба сүүлийн дөрвөн жилийн хугацаанд өрхийн бодит орлого 50 хувиар буурсан гэдэг дүн гарсан. Үүнтэй уялдуулан торгуулийн нэгжийн хэмжээг бууруулсан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тайлбарлав. Мөн тэрээр, байнгын хорооны даргын тодруулсны дагуу авлигал, өндөр албан тушаалтны гэмт хэргээс олсон орлогыг албадан хурааж, торгуулийн хэмжээг 5-27 сая төгрөг болгон нэмэгдүүлж, хорих ялын хэмжээг гэмт хэргийн ангилалаас хамаарч 1-12 жил болгон, тэнсэхгүй байхаар, тодруулбал ялын бодлогыг чангаруулсан зохицуулалтуудыг төсөлд тусгасан талаар тайлбар хийсэн юм. Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн явцад илүү энэ төрлийн зохицуулалтуудыг илүү тодорхой болгох бололцоотой гэв.

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хэд хэдэн зүйл дээр анхаарах ёстой. Ял хөнгөрүүлж байгаа шалтгаан, нөхцлийг судалгаатай нарийвчилж үзэх нь зүйтэй. Торгуулийн нэгжийн хэмжээг бууруулж байгаа асуудлыг ч мөн адил. Мөн авлигал болон албан тушаалаа урвуулан ашиглсан гэмт хэрэгт ногдуулах ялыг сонгох санкцаар оруулж байгаагаа зөв эсэхийг нягтлахгүй бол их хэмжээгээр хулгай, луйвар хийсэн нэг хэсэг нь торгуулах, эсвэл хоригдох ялыг өөрөө сонгодог байх нь зөв үү. Ялын бодлоготой холбоотой эдгээр зохицуулалтуудыг онцгойлон анхаарахгүй бол нийгэмд шударга бус байдал, гэмт хэрэг ихсэх эрсдэл дагуулах эрсдэл өндөр шүү” хэмээн санууллаа. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 76.9 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *