Улсын хэмжээнд 43 мянга гаруй нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэгтэй. Тодруулвал төрийн албан хаагч, албан тушаалтнууд хуульд зааснаар жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд хөрөнгө орлогоо Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх үүрэг хүлээдэг. Өчигдөр (2021.02.15)-ийн байдлаар 99.8 хувь нь, хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Үлдсэн албан тушаалтнууд хугацаандаа мэдүүлгээ гаргаагүй бол хуулийн хариуцлага хүлээх юм.
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын албанаас мэдээлснээр, хэрэв мэдүүлгээ хуулийн хугацаанд өгөөгүй бол сануулахаас эхлээд ажлаас халах хүртэл хариуцлага оногдуулах юм.
АТГ хөрөнгө орлогын мэдүүлгийг хураангуй байдлаар цахим сүлжээнд байршуулсны дараа иргэд, олон нийт төрийн албанд ажиллагсдын хөрөнгө орлогын мэдүүлэг хэрхэн өөрчлөгдөж буйг мэдэж хянах боломжтой.