Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/251, А/250 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төвийн зургаан дүүргийн 270 байршлын 1385 объект дахь 26.822 ам метр газрыг чөлөөлжээ.
Тодруулбал, нийтийн эзэмшлийн зам, талбайд барьсан стандартын бус, зохих зөвшөөрөлгүй ашиглаж буй гарааш, зөөврийн байгууламж, өргөтгөл, хашаа, хаалт, хайс, шон зэргийг чөлөөлж, 15 байршлын 9832 ам метр талбайд тохижилт, ногоон байгууламжийн ажил хийх боломжийг бүрдүүлээд байна.
Газар чөлөөлөх ажил Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн 92 байршилд газар чөлөөлж, зургаан байршилд тохижилт, ногоон байгууламж, авто зогсоолын ажлыг эхлүүлээд байгаа юм.
Мөн нийслэлийн хэмжээнд стандартын шаардлага хангахгүй, орчны аюултай байдал үүсгэсэн 307 барилга угсралтын талбайн түр хашаа байгаагаас 260 аж ахуй нэгжид мэдэгдэх хуудас хүргүүлэн, зөрчил арилгах арга хэмжээг авч ажиллажээ.
Үүнээс 116 барилга угсралтын талбайн түр хашааг холбогдох стандартын дагуу шинэчилж, норм дүрэм, аюулгүй байдлыг хангуулан, тэмдэг тэмдэглэгээг хийлээ.