Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн хүндэтгэлд зориулан Японы цаасан урлалын үзэсгэлэн Улаанбаатар хотноо энэ амралтын өдрүүдэд боллоо.
Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд өчигдөр эхлэн олны хүртээл болсон уг үзэсгэлэнг Японы цаасан урлалын холбоо олон нийтийн байгууллагаас зохион байгуулж, Монгол дахь Япон улсын Элчин сайдын яам, Нийслэлийн соёл урлагийн газар дэмжиж оролцсон юм. Японы Ваши/Washi/ буюу цаасан урлал нь зөвхөн япон цаасаар бүтээгдэн, энэхүү цаасны онцлогт тулгуурлан илэрхийлэл үүсгэдэг, уран зургийн нэгэн урсгал болж тогтсон гэдгээрээ алдартай. Өөрөөр хэлбэл олон зуун жилийн уламжлалтай япон цаасны бат бөх, уян хатан, гоёмсог шинж чанаруудыг ашиглан хүний дотоод сэтгэлийг илэрхийлдэг урлал юм. Энэхүү урлалаар модерн арт, поп артын чиглэлийн бүтээл, хүрээлэн орчин, хол ойрыг ашигласан бодит дүрслэл, юмс үзэгдэл, гоо сайхныг үзүүлэх боломжтой.
Японы алдарт цаасан урлалын уг үзэсгэлэнд Япон улсаас нийт 16 багш, уран бүтээлч хүрэлцэн ирж, бүтээлээ толилуулсан бөгөөд сонирхсон хүмүүст зааж, сургаж байсан юм. Үзэсгэлэнд “Камиллиа цэцэг”, “Ямафүжи цэцэг”, “Амралт”, “Явган хүний зам”, “Библи судар”, “Ээж”, “Цэцэг болон Фүжи уул”, “Өтгөн цэцэг”, “Хэлтэг”, “Самурай” зэрэг цаасан урлалын гайхалтай бүтээлүүд дэлгэсэн байв.