Засгийн газрын хуралдаан боллоо.
Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын танилцуулгыг сонслоо. Үүнтэй холбогдуулж нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөн зохион байгуулах асуудлаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
Нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны хуваарилалт нь хүн амын тоо, шилжилт хөдөлгөөн, төвлөрөл, эдийн засгийн чадавхи, нийгмийн дэд бүтцийн нөхцөл байдал харилцан адилгүй үзүүлэлттэй бөгөөд бүтцийн хувьд нэгж бие даан тэлж хөгжих, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хүндрэл үүсдэг байна. Нийслэл хотын засаг захиргааны нийт 213 нэгжийн үйл ажиллагаанд чиг үүргийн шинжилгээ хийж, үр дүнтэй, оновчтой засаг захиргааны нэгжийн хуваарилалт хийх зайлшгүй шаардлага үүссэн байна.
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг хангахуйц засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалт хийх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хүн амын төвлөрөл, нийгмийн дэд бүтэц, газар зүйн байршил зэргийг харгалзан үзэж нийслэл Улаанбаатар хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг 42 нэгжид хуваан зохион байгуулах төлөвлөлтийн саналыг хот, дүүргийн удирдлагууд боловсруулжээ.