Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг даргын өргөтгөсөн зөвлөл оны отгон хурлаа хийлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын захирамжаар 2017 онд өргөтгөсөн зөвлөлийг байгуулсан. Уг зөвлөлд нийслэлийн иргэдийн төлөөлөл болсон нэр хүндтэй эрхэмүүд гишүүнээр ажилладаг юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, “Гал голомт” үндэсний төвийн тэргүүн Д.Мөнхөө, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол Улсын Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, “МИАТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамир, Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүга, Улаанбаатар хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал С. Сод-Эрдэнэ зэрэг төр, хувийн хэвшил, салбар салбарын төлөөлөл багтсан 24 гишүүнтэйгээр зөвлөлийг байгуулжээ. Нийслэлийн Засаг даргын өргөтгөсөн зөвлөлийн отгон хуралдаанаар 2017 онд Улаанбаатар хотын удирдлагын багийн хийсэн ажлын тайлан мэдээ болон 2018 онд хийхээр төлөвлөж байгаа ажлын зорилтыг хэлэлцлээ.

Өргөтгөсөн зөвлөлийн хурлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нээж үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ “2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж, хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбарын мастер төлөвлөгөө, нийслэлийн дэд хөтөлбөр боловсруулах, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, суурь судалгааг хийж, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг эхлэх боломжийг бүрдүүлсэн он байлаа. НИТХ -аас Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцүүлэн “Хангалттай” гэж дүгнэсэн. 5 бүлгийн нийт 26 зорилтын хүрээнд 410 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүллээ. Мөн 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлаа ч тодорхой болгосон. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 100 тэрбум төгрөгийн концессын өрийг хот барагдууллаа. Бүсээ чангалж, өрөө дарж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн төлөө бид зүтгэсэн жил байсан” гэдгийг тодотгосон юм. Хуралдаанд оролцсон Нийслэлийн Засаг даргын орлогч нар болон хотын ерөнхий менежер өнгөрсөн онд хийсэн ажлын тухай товч мэдээлэл өгч, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа мэдээллийг ч танилцууллаа. Дээрх мэдээллийн дараа зөвлөлийн гишүүд Улаанбаатар хотод улирч байгаа онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар хэлэлцэж, ирэх онд хийх ёстой ажлын талаар ч санал дүгнэлтээ хэллээ.

“Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө хэлэхдээ “Чухал мэдээллээр хангасан хотын удирдлагууддаа талархлаа. Том зургаар харвал нийслэлийн удирдлагын баг хөгжлийн бодлогоо тов тодорхой болгосон байна. Хийж хэрэгжүүлсэн ажил ч их байгаа нь сайшаалтай. Нийслэлийн хөрөнгө оруулалтыг бүтээн байгуулалт, дэд бүтэц гээд олон салбарт зарж байна. Энэ нь ч зөв. Гэхдээ гэр бүлийн төлөвшил, хотын соёл, гэр бүлийн бодлогод заавал хөрөнгө төлөвлөж байх шаардлага бий. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж, тэднийг түрээсийн дарамтаас салгаж, худалдаа хийх, орлого олох боломжийг олгох арга замыг хаймаар байна. Бүх шатны төрийн байгууллагын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, сөрөг мэдээллийн урсгалаас ангид нийслэл байх учиртай. Нийслэлийн иргэн, төрийн байгууллага хоёр нэг зүг рүү харж байж хот хөгжинө. Тиймээс энэ асуудлыг онцгойлон анхаарч ажиллах нь зүйтэй юм” гэж хотын удирдлагуудад хэллээ.

Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл “Хот шинжлэх ухааны байгууллагуудтайгаа сайн хамтарч ажиллаж, судалгаатай, нотолгоотой баримтад тулгуурлан хөгжлийн бодлогоо тодорхойлдог болох цаг ирсэн. Өнөөдрийн мэдээллээс олон сайхан мэдээ хүлээн авлаа. Орчныг бохирдлыг бууруулах чиглэлээр төрийнхөн янз бүрийн тоо, ойлголт ярих биш “Шинжлэх ухааны судалгаа”-нд тулгуурлан агаар, хөрсний бохирдлоос салах бодлогыг хэрэгжүүлэх нь зөв” гэж үздгээ хэлсэн. Мөн тэрбээр “Хотын даргын нэг жилийн ажилд сэтгэл хангалуун байгаа” гэдгээ хэлээд “Хот өөрөө их том айл. Зовлон жаргалыг яривал нэг өдөр, нэг сар ч багадна. Өргөтгөсөн зөвлөлийн гишүүдийнхээ санал санаачлагыг тусган хэрэгжүүлвэл Шинжлэх ухааны академи ч хотыг дэмжихэд бэлэн” хэмээсэн юм.

“МИАТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамир “Үндэсний агаарын тээврийн “МИАТ” компани 2017 онд зорчигч, ачаа тээвэрлэлт 20 хувь нэмэгдсэн. 20 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын ирэх 2018 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх, ложистикийн чиглэлээр олон сайн заалт туссан байна. Манай компани БНСУ-ын Бусан, Тайландын Бангкокт шууд нислэг хийдэг. Олон улсын 9 чиглэлд үйлчилгээ үзүүлж байна. Ирэх онд Хятадын “Чинду”, ХБНГУ-ын Мюнхен хотын шууд нислэгийг нээнэ. Хотуудын харилцааг хөгжүүлэхэд агаарын тээврийн компанийн хувьд хамтран ажиллахад бэлэн” хэмээгээд ирэх оны ажилд нь амжилт хүслээ.

Монгол Улсын Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар “Хотын иргэдийн хувьд амьд бөгөөд амгалан байж, ирээдүйдээ итгэлтэй байх нь чухал. Бичил нийгэм болсон гэр бүлийн асуудалд Улаанбаатар хот анхаарч ажиллахын зэрэгцээ соёл урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна. Монголын удамын мэдээлэлд байдаг хүмүүжлийн асар их соёлыг нэвтрүүлж, гадныхныг дууриах биш уламжлалаа сэргээж, хотын соёлыг хүүхэд багачууд, залууст суулгах нь чухал. Хүн рүүгээ хандсан хотын бодлого хэрэгжүүлэх нь зөв” гэдгийг онцолж байлаа.

Нийслэлийн Засаг даргын өргөтгөсөн зөвлөлийн хуралд ирсэн гишүүд хотын хөгжлийн талаар санал бодлоо хэлж, 2018 онд хотын хэрэгжүүлэх гол ажлын талаар мэдээлэл сонслоо. Энэхүү зөвлөл нь улиралд нэг удаа хуралддаг юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *