Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн төвлөрсөн үйлчилгээг өргөжүүлнэ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа болон цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцжээ.

Төрийн үйлчилгээг нэг цэгээс хурдан шуурхай, тэгш, хүртээмжтэй өгөх зорилгоор нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг “Дүнжингарав” худалдааны төвд төвлөрүүлээд байгаа. Тэнд нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллагын 242 төрлийн үйлчилгээг төвлөрүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 18 451 иргэнд үйлчилгээ үзүүлсэн тухай тус төвийн дарга О.Мөнх-Оргил танилцуулсан байна.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллаж байгаа албан хаагчдад тусгай хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулж байгаа бөгөөд албан хаагчид уртасгасан цагаар ажиллаж байгаа аж. Цаашид Үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлж байгаа 242 нэр төрлийн үйлчилгээг зөвхөн Үйлчилгээний төвөөс үзүүлдэг тогтолцоонд шилжих, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд ажиллаж байгаа албан хаагчдын үндсэн байгууллага дээрээ давхар ажиллаж байгааг зогсоож, тушаал шийдвэрээр албан ёсоор томилж, арын ажлаас нь бүрэн чөлөөлөх гэх зэрэг зохион байгуулалтын ажил явуулах шаардлагатай болжээ. Түүнчлэн энэ үйлчилгээгээр нийгмийн даатгалын үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх боломжийг бүрдүүлэх, банкны үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх саналтай байгааг хэлсэн байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн Улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг энэ долоо хоногоос үзүүлж эхэлсэн байна. Бүртгэлийн чиглэлийн нийт 80 гаруй үйлчилгээ байгаагаас одоогийн байдлаар 32 үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *