Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн төв талбайд 100 гаруй аж ахуйн нэгж бараа, бүтээгдэхүүнээ 20-50 хувийн хямдралтай худалдаална

Нийслэлийн 375 жилийн ойд зориулан “Нийслэлийн өдөр”-өөр буюу 10 сарын 29-ний өдөр Их эзэн Чингис хааны талбайд “Их хотын хямдрал 375” өдөрлөгийг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагааны талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа болон хямдралтай худалдаанд оролцож буй аж ахуйн нэгжийн төлөөллүүд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Их хотын хямдрал 375” өдөрлөгт үндэсний томоохон үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуй нэгжүүд оролцож, 20-50 хувийн хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа явуулна. Тухайлбал:

“Дархан нэхий” ХК -50 хувь, “Буян” ХХК өөрийн үйлвэрийн 100 нэр төрлийн барааг -50 хувь, “BEST SHOES” ХХК -50 хувь, “Эксклюзив” ХХК бүх бараандаа -50 хувь, “Саян-Уул” ХХК мах махан бүтээгдэхүүндээ 20 хувь, “Талх чихэр”, “Өгөөж чихэр боов”, Транс трейд”, “Мах-Импекс”, “Очир дагинас”, “MCS кока кола” ХХК, “Миш маш” ХХК, “Тесо” корпораци, “Сүү”, “Алтантариа” ХХК, “НВЦ” ХХК-иуд Нийслэлийнхээ төрсөн өдрийн баяраар иргэддээ хямдрал, бэлэгтэй худалдаагаар үйлчлэх юм. Мөн өөрийн байрандаа Боса худалдааны төв 50 хувь, Үсчин,гоо сайхны газрууд хямдралтай тарифаар иргэдэд үйлчилнэ.

Энэхүү хямдрхалтай худалдааг нийслэлийн төв талбайгаас гадна дүүрэг бүрд зохион байгуулах юм.

-Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо “Яармаг” худалдааны төвийн гадна талбайд
– Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Цэрэндоржийн гудамж
-Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд
– Баянгол дүүргийн 15 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө Байгаль эх цогцолборын гадна талбайд, 19 дүгээр хороо Ард Аюушийн гудамж “Смарт” худалдааны төвийн гадна талбайд
– Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо Тусгаар тогтнолын талбайд, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо Жуковын нэрэмжит талбайд тус тус болох юм.

Хямдралтай худалдаа Их эзэн Чингисийн талбайд 11 цагаас иргэдэд үйлчилж эхлэх бол 13:30 цагаас худалдааны цан цохиж албан ёсоор эхэлнэ. Энэ үеэр “НВЦ” ХХК 5 метр диаметртэй хамгийн том Омлет хийж, залуу тахианы тэжээллэг өндөгөө 180 төгрөгөөр худалдаалах бол Арьс ширний холбооноос Нийслэлийн ойг тохиолдуулан 375 хос арьсан бээлийг 50 хувийн хямдралтай борлуулах зэрэг олон бэлэг иргэддээ барихаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдийн хямдралтай худалдаж буй хүнсний бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагынхан хяналт тавьж ажиллана. Хямдралтай худалдааг дэмжин ажиллаж, идэвхтэй оролцож буй аж ахуй нэгжүүдийн төлөөлөл “Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед түрээсийн мөнгө төлөхгүйгээр иргэддээ үйлчлэх боломж олгож байгаа зохион байгуулагчдад талархал илэрхийлээд, өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнүүдээ хямдралтай худалдаална” гэдгийг онцлон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *