Ирэх оны улсын нэгдсэн төсвийг баталсан бол нийслэл ч төсвөө хэлэлцэж эхэллээ. Нийслэлийн ирэх оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр нийслэлийн удирдлагууд хийсэн юм. Энэ хэлэлцүүлэг нь олон нийтийн дунд нээлттэй болсон бөгөөд иргэдийн санал бодлыг сонссоноороо онцлог. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, дүүргүүдийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцов. Нийслэлийн төсвийн орлого 2013 онд 474 тэрбум төгрөг, 2014 онд 533 тэрбум төгрөг байжээ. Тэгвэл ирэх онд энэ хэмжээг нэмж, 575 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тооцоолсон талаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Нийслэлийн төсвийн орлогын задаргааг авч үзвэл, Нийслэлийн татварын газар 82.4 хувийг, нийслэлийн Өмчийн харилцааны газар 11.8 хувийг, үлдсэн хувийг бусад газрууд төвлөрүүлэх ажээ.
Харин зарлагын хувьд энэ жилийнхтэй харьцуулахад ирэх жил 57 орчим тэрбум төгрөгийн зардлыг хэмнэхээр болсон байна. Ингэхдээ зарлага 323 гаруй тэрбум төгрөг байхаар тооцжээ. Тодруулбал, Зээлийн батлан даалтын санд нийслэлээс 2.0 тэрбум төгрөг, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 5.6 тэрбум төгрөг, нийтийн тээврийн салбарын татааст 53.1 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгжид 172.1 сая төгрөг, халамжийн санд 95 тэрбум төгрөг, хот тохижуулалтад 66.4 тэрбум төгрөгийг тус тус зарцуулах юм байна.
Нийслэлийн удирдлагууд товчоор дүгнэхэд, нийслэлийн төсөв ирэх жил зардлаа 57 орчим тэрбум төгрөгөөр хумьж, нийтийн тээврийн салбарт татаас өгөхөөр болсоныг онцоллоо.
Энэ үеэр нийслэлийн иргэдийн төлөөлөл ирэх жилийн төсвийн танилцуулгад санал бодлоо илэрхийлж байсан юм. Баянзүрх дүүргийн ахмад настан “Урьд нь нийслэлийн төсвийн орлого, зарлагыг олон нийтийн санал авч, хэлэлцдэггүй байсан бол одоо хэлэлцэж байгаад баяртай байна. Төсвийн орлого, зарлага ямар байхыг хэлж байгаа ч төсвийн гүйцэтгэлийг хянах тогтолцоо одоо ер нь байна уу. Хороонд мөнгө өгдөг. Гэвч түүгээр нь ажилтнуудаа шагнаад, хамаагүй үрж байна шүү дээ. Жишээ нь, Шинэчлэл гээд компани байна. Тэднийх 31 барилгын дээвэр засах ажил авсан. Гэтэл нойтон дээвэр дээр хар цаас наачихсан байх юм. Өнөөх нь өвөл хөлдөж, хагарна. Ганц дээвэр ч биш, өчнөөн олон дутагдалтай зүйл ажиглагдсан. Хийж байгаа зүйл чинь ийм байна гэхээр хүлээж авахгүй юм. Төсвийн мөнгийг ингэж зарцуулдаг хэрэг үү” гэсэн юм.
Уг асуудалд, Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Төсвийн зарцуулалтын хяналт, шалгалтыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хариуцдаг. Тэр Шинэчлэл гээд компанид гарсан зөрчлийн хувьд, бид шалгах болно” гэж хэлж байсан.
Эдийн засагч Д.Жаргалсайхан “Улаанбаатарын хамгийн үнэтэй газраас иргэд бид ямар ашиг авч байна вэ гэдгийг асуумаар байна. Газар олгоход төлбөр авдаг ч барилга барьж, үйл ажиллагаа явуулсаны дараа үндсэн хөрөнгийн татварыг одоо ер нь авч байна уу. Энэ дагуу бол Зайсан орчмоор олгосон газрын зөвшөөрөл эзэмшигчээс татвар авдаг баймаар байна. Үндсэн хөрөнгийн татвараас төвлөрүүлсэн орлогоо хот тохижуулалтад ашиглаж болно шүү дээ. Зайсангийн газраас татвар авсан бол Дамбадаржаа орчмын замыг сайжруул л даа” гэж хэлж байлаа.
Ийнхүү нийслэлийн ирэх оны төсвийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр хийсэн бол санал, дүгнэлтийг нэгтгэн ирэх сарын 4-нд УИХ-ын чуулганаар оруулах юм байна.