Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн арванхоёрдугаар сарын 4-ний хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан.
Уг төсвийн задаргааг нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаагаас тодруулах гэсэн боловч тэрээр “Одоогоор төсвийн задаргаа хараахан албажиж гараагүй байна. Ирэх даваа гарагт буюу энэ сарын 15-нд албан ёсоор мэдээлэл өгнө” гэлээ.
Төсвийг хэлэлцэх үеэр нийслэлийн удирдлагууд эдийн засгийн хямралаас шалтгаалан аль болох хассан, танасан хэмнэлттэй төсөв баталж байгаагаа онцолсон юм. Тиймээс нийт төсөв 542 тэрбум төгрөгийг хуваарилахад хүндрэлтэй байсан аж. Урсгал зардлыг 57 тэрбум төгрөгөөр бууруулж, 186 удирдах албан тушаалтан буюу нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, зөвлөх, агентлагийн орлогч дарга нарын орон тооны цалин, холбогдох зардлыг төсвийн төслөөс бууруулж тооцоод байгаа юм.
Түүнчлэн ирэх 2015 онд нийслэлийн хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгаа. Өнгөрсөн онд хөрөнгө оруулалтын хэмжээ 208 тэрбум төгрөг байсан бол энэ жил 170 орчим тэрбум төгрөг болж буурсан талаар мэдээлж байсан юм.