Нийслэлийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах, шуурхай байдлыг хангах зорилгоор 2012 оноос хойш түргэн тусламжийн зориулалттай иж бүрэн тоноглогдсон 77 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, түргэн тусламжийн үйлчилгээнд явуулж эхэлжээ.
2012 онд нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээнд нийт 92 машин явдаг байсан бөгөөд нэмж 77 машинтай болсноор нийт 157 машин үйлчилгээнд явж байгаа юм. 2013 оноос түргэн тусламжийн дуудлагыг 103 шугамаар үнэ төлбөргүй авч эхэлсэн бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжүүдийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд үе шаттай нэгтгэснээр тусламж үйлчилгээний шуурхай байдал сайжирчээ.
Түргэн тусламжийн үйлчилгээний чанарыг илтгэх гол үзүүлэлт бол дуудлага өгснөөс хойш 20 минутын дотор түргэн тусламж очих ёстой гэсэн стандарт юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр 2015 онд нийт дуудлага өмнөх оныхоос 4.6 хувиар өсч, үүнээс 20 минутын очилт 2.45 хувиар нэмэгдсэн байна. 2015 онд нийт дуудлагаас яаралтай дуудлагын тоо өмнөх оныхоос 3,9 хувиар өссөн бөгөөд үүнээс 20 минутын очилт 2.6 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн Хан-Уул дүүрэгт Түргэн тусламжийн салбарыг барьж, 2015 оны 6 сард ашиглалтад оруулснаар дүүргийн насанд хүрэгчдийн дуудлагын хүлээгдэл 7,4 хувиар буурч, яаралтай дуудлагын 20 минутын очилт 3.2 хувиар нэмэгджээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.