“Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион байгуулж буй нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн “Цасны баяр” өнөөдөр 10 дахь жилдээ Хандгайтын Янзага зусланд болж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар оролцож, “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын галт бамбарыг асаалаа. Нээлтийн ажиллагааны үеэр ОБЕГ-ын Аврах тусгай ангийн шүхэрчид нийслэлийн тугийг агаарт хөөргөж, агаарын үзүүлбэр үзүүлсэн юм. Мөн өнгөрсөн онд нийслэлийн харьяа байгууллагуудаас шилдэг биеийн тамир, спортоор тэргүүлсэн баг тамирчдыг шагнаж урамшууллаа.
Шилдэг биеийн тамирын баг хамт олноор
Нэгдүгээр байрт Ус сувгийн удирдах газрын биеийн тамирын баг
Хоёрдугаар байрт нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын биеийн тамирын баг
Гуравдугаар байрт нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын биеийн тамирын баг
Дөрөвдүгээр байрт нийслэлийн Түргэн тусламжийн төвийн “Кобра” биеийн тамирын баг
Тавдугаар байрт Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн биеийн тамирын баг шалгарсан бол дүүргүүдийн харьяа байгууллагуудын шилдэг биеийн тамирын байгууллагаар
Нэгдүгээр байрт Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн хамт олон
Хоёрдугаар байрт Баянгол дүүргийн 157 дугаар цэцэрлэгийн хамт олон
Гуравдугаар байрт Сүхбаатар дүүргийн 69 дүгээр цэцэрлэгийн хамт олон
Дөрөвдүгээр байрт Багануур дуургийн Сувилал компанийн хамт олон
Тавдугаар байрт Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олон шалгарч өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнууллаа.
Энэ жилийн баяр “Пёнчан 2018” өвлийн олимптой нэг цаг хугацаанд явагдаж байгаагаараа онцлог болж байгаа ба нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын албан хаагчид, нийслэлийн иргэд гээд 10 мянга орчим иргэд оролцож байна.