Нийслэлийн ИТХ-ын XХV хуралдаан өнөөдөр үргэлжилж байна. Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах тухай, Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлаар завсарлага авсан билээ. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар дээрх хоёр асуудыг хэлэлцэнэ. Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцэх юм.
Улаанбаатар хотын Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав. Танилцуулгад нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх байгууллагын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, 2018 оны эцсийн байдлаар 13 799-д хүрээд байгааг дурдав. Уг харилцааг зохицуулсан зохицуулалт байхгүй, 2014 онд “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг баталж байжээ. Гэвч Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулсан тул тус журам эрх зүйн чадамжгүй болж, шинэчлэн, боловсронгуй болгох шаардлага тулгарсан талаар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэлэв. Мөн тэрбээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайд, зориулалтын бус байранд хүнсний бүтээгдэхүүн худалдаж буйгаас үүдэн нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдал алдагдаж байгааг хэлсэн.
2018 оны нэгдүгээр сараас уг журмыг шинэчлэн найруулж эхэлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд төрийн болон төрийн бус 29 байгууллагаас санал авч тусган, холбогдох хурлаар хэлэлцүүлжээ. Мөн есөн дүүрэгт 16 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хөндөхгүй, нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангахад эдгээр уулзалт, хэлэлцүүлгүүдийн зорилго оршиж байжээ. Журмын төсөл 10 бүлэг 160 заалттай. Худалдаа, үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын төрөл нэмэгдэж буй тул үйл ажиллагааг нь зохицуулах эрх зүйн заалт оруулжээ.
Журмын төслийн танилцуулгыг сонсож, Хурал дахь хоёр намын бүлгээс дүгнэлт хэлэв. Төлөөлөгч М.Тулгат АН-ын бүлгийн дүгнэлт, саналыг уншиж, танилцуулав. Санал, дүгнэлтэд “Худалдаа үйлчилгээ эрхлэх, зөвшөөрөл олгох үйл явцыг нийслэлд төвлөрүүлэх бус дүүргүүд зэрэг иргэдэд ойртуулж өгснийг дэмжиж байна” гээд зарим заалтад өөрчлөлт оруулах санал хэллээ. Нийслэлийн ИТХ-ын Хууль, эрх зүйн хороо болон Нийгмийн бодлогын хорооноос журмын төслийг хэлэлцэхийг дэмжив. Ингэхдээ сургууль, цэцэрлэгийн орчин, орон сууцны I давхарт үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрт согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл өгөхгүй байхад анхаарах хэрэгтэй гэсэн санал гаргалаа.