Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Эхнийх нь төв талбайг Д. Сүхбаатарын гэх нэрэмжит нэрийг сэргээх тухай, дараагийнхан НИТХ- ын ээлжит хуралдааны товыг зарлах асуудал байсан юм.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М. Буяндэлгэр хэлэхдээ “НИТХ- ын Тэргүүлэгчдийн 2013 оны 79 дүгээр тогтоолоор Жанжин Д. Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилөн Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбай хэмээн нэрлэсэн байдаг. Энэхүү тогтоолыг хууль бус гэж үзэн Их жанжины удам болох иргэн З.Хайдар 2015 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн дагуу 3 шатны шүүх дээр маргаан бүхий тогтоолыг хянан хэлэлцээд шийдвэрээ гаргасан байна. Шүүхийн шийдвэрээр НИТХ-ын 79 -р тогтоолыг хууль бус гэж үзэн, Их жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайн нэрийг сэргээсэн юм. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны наймдугаар сарын 16- ны өдрийн 573 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнөө баталсан болно. Иймд дээрх анхан шатны шүүхийн тогтоолын дагуу жанжин Д.Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх тухай тогтоолын төслийг танилцуулж байна “ гэлээ. Хуралдаанд оролцсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн олонхийн саналаар 2013 оны 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож, жанжин Д.Сүхбаатарын талбайн нэрийг сэргээлээ. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааныг 9 дүгээр сарын 22-ны пүрэв гарагт хуралдуулахаар шийдвэрлэв.