Categories
мэдээ нийгэм

​Нийслэлийн иргэний дагаж мөрдөх “Зөв арван дадал”-ыг танилцууллаа

Нийслэлийн Залуучууд хөгжлийн газар, “Эрдэнэ тав баг” төрийн бус байгууллагатай хамтран Нийслэлийн иргэний дагаж мөрдөх “Зөв арван дадал” аяныг Чингэлтэй дүүргийн 17-р сургуульд зохион байгууллаа. Энэхүү аяныг Чингэлтэй дүүргээс эхлүүлж байгаа бөгөөд 150-200 гаруй залуус аяны уриаг дэмжин нэгдэж, Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадлыг өөртөө хэвшүүлж, бусдад үлгэрлэн түгээхээр болов.

Өмнө нь “Эерэг сэтгэлгээний давалгаа” төслийг хэрэгжүүлэн сургалт зохион байгуулж байсан төслийн багийнхан өнөөдөр уг төслийнхөө хүрээнд “Зөв арван дадал” боловсруулан Чингэлтэй дүүргийн 17-р сургуулиас аянаа эхлүүлж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар байгуулагдаад удаагүй байгаа боловч залуучуудад хандсан олон шинэлэг ажил хийж байгаа. Түүний нэг нь залуучуудыг эерэг хандлагатай болгох, хотын соёлыг түгээх зорилготой өнөөдрийн арга хэмжээ юм. “Орчин үеийн нийгэмд харилцаа, хандлагын хүчин зүйлийн нөлөө өсөн нэмэгдэж байгаа бөгөөд эерэг сэтгэлгээтэй байх нь амжилтад хүрэх үндсэн нөхцөл болдог. Аз жаргалтай хотын иргэн байя гэвэл Та “Эерэг амьдарцгаая” урианд нэгдэж их хотын соёлт иргэн гэдгээ ухамсарлаж, бусаддаа үлгэр дуурайл болж яваарай. Хүн бүрт сайн тал байдаг. Бие биенийхээ сайн талыг олж харж урам хайрлаж, дэмжиж байгаарай” гэж хэллээ.

Түүнээс энэ талаар тодрууллаа.

-Одоогийн нийгэмд залуусын сэтгэлгээг яаж эерэг болгох вэ?

-Одоогийн зарим хүмүүс ялангуяа хүүхэд, залуус аливаа зүйлийг болохгүй талаас нь боддог, шүүмжилдэг үүнийгээ дагаад хар бараан мэдээллүүд их явдаг болсон. Гудамжинд нус цэр, шүлс, хогоо хаядаг. Хогоо хаяж шүлсээ хаясан хэрнээ хогоо цэвэрлэ гэж төрийн байгууллагад шаардлага тавьдаг. Бид ийм сэтгэлгээгээ л өөрчлөх хэрэгтэй. Тэгэхийн тулд цэвэр орчинд амьдарч, өөрөөсөө эхэлье, бие биендээ шаардлага тавьдаг байгаасай, машиныхаа цонхоор хогоо битгий хаяасай, дүрэм журмыг дагаж мөрддөг байгаасай гэсэн ийм л энгийн чиглэлээр хандлагыг нь өөрчлөх хэрэгтэй.

-“Зөв арван дадал” нь хууль биш учраас амар хэрэгжих үү?

-Мэдээж тогтсон хууль дүрэм биш учраас фэйсбүүк, твиттер зэрэг олон хандалттай сүлжээгээр дамжуулан нөлөөллийг бий болгохоор ажиллаж байгаа. Тийм болохоор сэтгэлгээг нь өөрчлөх нөлөөллийн бодлого явуулж байна гэв.

“Зөв арван дадал”-ыг боловсруулахын тулд олон улсад мөрдөгдөж байгаа дадлууд болон НҮБ-ын судалгаа, Монголд мянга гаруй хүнээс судалгаа авсан гэдгийг “Эрдэнэ тав баг” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар онцолж, дараах арван дадлыг танилцуулж байна.

-Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг иргэн,

-Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог иргэн,

-Бусдыг хүндэлдэг, талархлаа илэрхийлдэг иргэн,

-Ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг иргэн,

-Нийгмийн хэм хэмжээ, соёлд суралцсан иргэн,

-Санаачилгатай, оролцоотой иргэн,

-Эрүүл мэнд, эрүүл амьдралын хэвшилд анхаардаг хэрэгжүүлдэг иргэн,

-Бусдын төлөө сэтгэл гаргадаг иргэн,

-Ногоон орчин бүтээдэг иргэн,

-Цаг баримталдаг иргэн зэрэг болно.

Тухайбал ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг иргэн байх гэдэг ойлголт өргөн утгатай. Цонхоороо дээж өргөөд зогсоол дээр тавьсан машиныг бохирдуулах нь бие биенээсээ үргэлж хамааралтай оршин байх их хотын амьдрал, суурин иргэншлийн онцлогт тохирохгүй болоод байна. Үүнийг өнгөц харахад жижиг асуудал мэт боловч хотын соёл ба уламжлал, ёс заншлаа хадгалж үлдэх гэх мэт томоохон асуудлууд цаана нь байгаа. Тэгэхээр бид асуудлыг илүү нухацтай авч үзэх хэрэгтэй болоод байгаа тухай залуучууддаа таниулан сурталчилж байгаа юм” гэв.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *