Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “10000 програмист төсөл хэрэгжүүлэх тухай”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай”, “Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэв.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал танилцуулав.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойшхи 25 жилийн хугацаанд нийслэл хотын үйл ажиллагаа бүхий л салбарт байнга өргөжин хөгжиж ирсэн. Улаанбаатар хотын хүн амын хэт өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, замын хөдөлгөөний түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон тул төрөөс оновчтой бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг, 36 зүйлтэй бөгөөд төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтийг тусгасан. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээнд нийцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан холбогдох зарим хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Зөвлөлийн гишүүд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хэлж, НИТХ-д танилцуулахаар болов.

“10.000 програмист төсөл хэрэгжүүлэх тухай” танилцууллаа

Зөвлөлийн хуралдаанд танилцуулгыг Нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат хийсэн юм.

Төслийн зорилго нь Монгол Улсын мэдээлэл технологийн салбарын өрсөлдөх чадварыг дэлхийн түвшинд дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, чанарыг сайжруулах замаар өндөр мэдлэг, ур чадвар бүхий мэдээлэл технологийн (IT) мэргэжилтэн бэлтгэх, цаашлаад Төв Ази, Хойд Азийн бүс нутгийн “Цахиурын хөндий”-г байгуулж, технологийн салбарын туршлага, боломжуудыг ашиглаж мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлж, эдийн засгийн томоохон салбар болгон өргөжүүлэх юм. Төслийн хүрээнд шат дараатай олон үйл ажиллагаа хэрэгжүүлнэ гэж тэрбээр танилцуулгадаа онцоллоо.

Зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцэн дэмжсэн юм. Төсөл хэрэгжүүлэхэд гарах үр дүнгийн талаар болон бусад үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг нэмж тусган НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр боллоо.

Баянгол, Баянзүрх дүүргийн зарим хороог хуваах нь зүйтэй гэж үзлээ

Баянгол, Баянзүрх дүүргийн Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа “Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн дүүргүүдийн хороодын хүн амын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор өрх, хүн ам, газар нутгийн хэмжээг харгалзан зарим засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах шаардлагатай байна. Баянгол дүүргийн 1, 3, 4, 20 дугаар хороо болон Баянзүрх дүүргийн 4, 5, 8, 16, 26 дугаар хорооны иргэдээс хороо хуваах санал ирсэн. Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хувааж, шинээр хороо байгуулснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар, хүртээмжид ахиц дэвшил гарна” гэж мэдээлэв.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, Баянгол дүүргийн 1, 4, Баянзүрх дүүргийн 5, 8 дугаар хороог хуваах, өөрчлөн зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Баянзүрх дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль зүйн тасагтай хамтран Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон тулэнэхүү хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзсэн юм.

Иймд Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга А.Пүрэвдулам болон 28 хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд оролцож санал солилцсон юм

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсан бөгөөд 5 бүлэг 32 зүйлтэй хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ

Зураг

УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хороодоор ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын тов гарлаа.

Тодруулбал, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай, “Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хууль тогтоолыг хэлэлцэхээр товлосон байна.

Тэдгээр хууль тогтоолыг хэлэлцэхийн өмнө даваа гарагт УИХ дахь намуудын бүлэг хуралдаж, дээрх асуудлууд дээр байр сууриа нэгтгэх юм. Үүний дараа байнгын хороо болон чуулганы хуралдаанаар товын дагуу хуулиудыг авч хэлэлцэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга М.Энхболдод Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өргөн мэдүүллээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот 377 жилийн түүхтэй бөгөөд Улсын Их Хурлаас анх 1994 оны долдугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан. Өнөөгийн байдлаар нийслэл хот, түүний удирдлагад эрх, үүрэг болгон хэм хэмжээ тогтоосон 120 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагааг 20 гаруй хуулиар зохицуулж байна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойшхи 22 жилийн хугацаанд 9 дүүрэг, 152 хороотой нийслэл хотын үйл ажиллагаа жигдэрч, эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд тодорхой хэмжээнд өргөжин хөгжиж, оршин суугчдын тоо 1.3 саяд хүрээд байна. Тухайлбал, нийслэл хотын хөдөлмөрийн насны хүн амын тоо 981.456, жил тутам шилжиж ирэгсдийн тоо 30.297, төрөлт 42.790 бөгөөд нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 14.881 тэрбум төгрөгт хүрсэн нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувьтай тэнцэж байна. Нийслэл хотод нийт 43.490 аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа 68.425 аж ахуйн нэгжийн 63 хувьтай тэнцэж байгаа юм. Орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн 1990-ээд оноос хойш эхэлсэн ба тасралтгүй үргэлжилсээр өдгөө нийслэлд байнга болон түр оршин суугчдын тоо 1.372 саяд хүрсэн нь манай улсын нийт хүн амын 46.8 хувьтай тэнцэж байгаа аж.

Түүнчлэн Улаанбаатар хотын хүн амын өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулж эхэлжээ.

Нөгөөтэйгүүр 1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн зүйл, заалт сүүлд батлагдсан зарим хуулиудын зүйл, заалттай давхардах, зөрчилдөх, цаг хугацааны явцад зохицуулалтын чадвараа алдах зэрэг тохиолдол гарч байгаа бөгөөд хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай нийгмийн зарим харилцааг хуулиар зохицуулаагүй үлдээсэн нь эрх зүйн хийдлийг бий болгож байна хэмээн сайд Ж.Мөнхбат хэлэв.

Энэ хууль батлагдсанаар төрийн байгууллагын ачаалал нэмэгдэх боловч асуудал хариуцсан төрийн байгууллагын чиг үүргийг илүү тодорхой болгох, хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд учирч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх замаар хүний үндсэн эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах ач холбогдолтой юм байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах тухай

Улсын Их Хурлаас анх 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан танилцуулж байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 14 бүлэг, 49 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд тусгасан зарчмын шинжтэй өөрчлөлтийг хавсралтад дурдсан танилцуулгаас үзнэ үү.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын Үндсэн хуультай нийцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсрууллаа.

Хуулийн төсөлтэй танилцан саналаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан Ц.Батчимэгт ирүүлнэ үү. Холбоо барих утас: 321443; И-мэйл хаяг: munkherdene.d@ulaanbaatar.mn

“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хавсралт хэсгээс татаж авна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *