Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжив. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш Улаанбаатар хот өргөжин хөгжиж, эерэг, сөрөг олон асуудал шинээр гарахын хэрээр хууль цаг үетэйгээ нийцэхгүй болж байгаа учир шинэчлэх шаардлагатай болжээ. Манай улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 64,5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь нийслэлд төвлөрсөн гэсэн статистик мэдээлэл байдаг.
Үзэл баримтлалын төсөлд байгаль орчин, нийгэм, эдийн засаг, татварын бодлогоос гадна хотын оршин суугч, аж ахуйн нэгжийн эрх, үүргийг тодорхой тусгажээ. Нийслэл хотыг санхүүгийн хувьд бие даасан чадавхтай болгоход чиглэсэн эрс шинэчлэлийн шинжтэй эдийн засгийн хөшүүргүүдийг хэрэгжүүлэх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт татах таатай орчин бүрдүүлэх зорилгоор төрийн үйлчилгээг шуурхай болгох арга замуудыг тодорхой болгоод байна.
Хууль батлагдсанаар Улаанбаатар хот тогтвортой үзэл баримтлал бүхий эрүүл, аюулгүй орчинтой, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, стандартын өндөр шаардлагатай, сайн засаглалтай, олон улсад өрсөлдөх чадвартай томоохон төв болох эрх зүйн орчин бүрдэх юм. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг 300 гаруй мянган хүн амтай болсон нь 2-3 аймгийн хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэж байгаа. Гэтэл дүүрэг учир сумтай адил статустай байдгийг өөрчилж аймагтай ижил статустай болгох юм байна. Ингэснээр төрийн үйлчилгээ 2000 хүнтэй сумынх шиг биш аймгаас авдаг үйлчилгээтэй ижил түвшинд хүрнэ гэсэн үг юм.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар засаг захиргаа, дарга нарын эрх, үүргийг л хуульчилснаас бус иргэний үүрэг гэдэг зүйл огт тусгагдаагүй юм. Үүнийг өөрчлөхөөс гадна тогтоосон стандартаа хаа хаанаа хатуу мөрдөн хамтын хүчээр эрүүл, аюулгүй, амгалан тайван хоттой болохыг зорьжээ. Төвлөрлийг сааруулах чиглэлээр багагүй зүйл хийхээр төсөлд тусгасан байна. Тухайлбал нийслэлийн дагуул хотод шилжин байнгын үйл ажиллагаа явуулах, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ногдох орлогын албан татварыг 10 жилийн хугацаанд 40 хувь, нийслэлийн дэд төвүүдэд бол татварыг таван жилийн хугацаанд 40 хувиар хөнгөлөхөөр тусгажээ. Мөн дагуул хотод шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 15 жил, дэд төвүүдэд бол 10 жил татвараас чөлөөлөх боломж бүрдэх юм.
Хууль батлагдсанаар нийслэл хот үнэт цаас гаргах, газрын бирж ажиллуулах, Засаг дарга газар өмчлүүлэх, ашиглуулах, эзэмшүүлэх, барилга барих зөвшөөрөл олгохдоо иргэдийн Нийтийн Хурлын саналыг заавал авч байх зэргийг тусгажээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар шинэчилнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 1943-1974 оны хооронд баригдсан, 1998-2000 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 144 км замд ээлжит болон их засвар, 2014-2015 онд 25 км замд хэсэгчилсэн ээлжит засвар хийжээ. Энэ зам ачаа, тээврийн өсөлт, хөдөлгөөний ачааллыг дааж чадахгүйд хүрснээс гадна огцом эргэлт, тойруу ихтэй, үзэгдэх орчин хангалтгүй, өгсүүр, уруу ихтэй учир осол их гарч байна.Сүүлийн хоёр жил хийсэн судалгаанаас үзэхэд энэ замаар хоногт дунджаар 2600 тээврийн хэрэгсэл өнгөрч байгаа учир нэгдүгээр ангиллын гол зам болгон шинэчлэх шаардлагатай болсныг харуулж байгаа юм.
Шинэчлэлийн хүрээнд дөрвөн эгнээтэй тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөх, 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барих, 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах, зарим км-т амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт тунель барих зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна. Автозамын шинэчлэлийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх, техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаа, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийг судалж шийдвэрлэхийг Засгийн газрын хуралдаанаас Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад даалгалаа.