“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг “Хангарди” ордонд болж байна. Хэлэлцүүлэгт нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдлага, НИТХ, Нийслэлийн ЗДТГ-ын болон харьяа газар, агентлагийн удирдлагууд оролцож байгаа юм.
Уг хууль 1994 онд батлагдсанаас хойшхи 22 жилийн хугацаанд Улаанбаатар хот эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд өргөжин хөгжиж, эерэг, сөрөг олон асуудал шинээр үүсэхийн хэрээр уг хууль зохицуулалтын чадвараа алдаж, эрх зүйн хийдэл үүсэх тохиолдол давтагдах болжээ. Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрсөн нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлох, түүнд нийцүүлэн, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг харгалзан, нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн хугацаанд уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн 10 дугаар сард Засгийн газарт хүргүүлж, хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Улаанбаатар хотын хөгжлийн гол тулгуур нь эрх зүйн зохицуулалт. Уг хуулийг шинэчлэх нь хотын даргын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт орсон эрх зүйн шинэчлэлийн нэг томоохон алхам гэж үзэж байна. Өнөөдөр улсын нийт хүн амын 50 хувь нь оршин сууж байгаа ч Улаанбаатар хот Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор 20 мянган хүн амтай аймагтай ижил эрх зүй, эдийн засгийн чадамжтай байгаа. Гэхдээ ийм байлаа гээд бид хойш суух эрхгүй ажиллаж байна. Үүний нэг илрэл нь Монгол Улсын Засгийн газар “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль“-ийг дэмжиж, УИХ-д өргөн барих шатанд явж байна” гэлээ.
Уг хуулийн төслөөр иргэдийн дунд ч хэлэлцүүлэг зохион байгуулахыг хотын дарга хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.