Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч АН-ын бүлгээс завсарлага авлаа.
Нийслэлийн төсвийн төслийг өнгөрсөн баасан гарагт НИТХ-ын даргад өргөн барьж, төлөөлөгчдөд хүргүүлсэн байна. НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү хэлэхдээ “Нийслэлийн төсөв бол Монгол Улсын 1.3 сая хүний аж амьдралтай холбоотой. Тиймээс нягт нямбай хэлэлцэх хэрэгтэй” хэмээн завсарлага хүслээ.
Хотын дарга хариуд нь “2017 оны улсын төсвийн тодотголд Ерөнхийлөгч хориг тавьсан. Үүнтэй холбоотой 2018 оны төсвийг боловсруулах, хэлэлцэх асуудал ч тодорхой хугацаагаар хойшилсон. Хуулийн дагуу нийслэлийн төсвийг жил бүрийн 12 дугаар сарын 05-наас өмнө батлах ёстой. Тиймээс завсарлага авахгүйгээр батлах нь зөв” гэж учирлав.
НИТХ-ын дарга С.Амарсайхан төсвөөр завсарлага авах асуудлыг МАН болон АН-ын бүлгийн дарга нарыг зөвшилцөх үүрэг өгсөн юм.
Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг маргааш хэлэлцэж эхлэх ажээ.