Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 2017 оны онцлох ажил

Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нь Улаанбаатар хотын 32 дахь даргад томилогдсоноос хойш иргэддээ хийж хэрэгжүүлж байгаа ажлаа нээлттэй мэдээлэх бодлого баримталж байна. Түүний 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг онцлон хүргэе.

1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг 2018 оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Уг байгууламжийг барихдаа Франц улсын “Артила” компанийн хийсэн ТЭЗҮ-г ашиглана. Манай улсын зүгээс тус байгууламж нь орчин үеийн цэвэрлэгээний ший­дэлтэй байх, цаашилбал цэвэр­лэгээний дараах саарал усыг дахин ашиглаж, одоогийн үүсээд буй лагийг эргэлтэд оруу­лах бөгөөд шинэ цэвэрлэх байгууламжийг одоогийн цэвэрлэх байгууламжийн дэргэд барина.

Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-ын Экспорт-импортын банк­наас авах нэг тэрбум ам.долларын зээлээр хэрэгжүүлэх төслүүдэд өөрчлөлт оруулснаар төв цэвэрлэх байгууламжийг барихад шаардлагатай 300 сая ам.долларыг уг зээлээс санхүүжүүлэхээр шийдвэрлээд байна.

2. ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ИЛҮҮ ОЙРТЛОО

Улаанбаатар хотын хүн амын суурьшил, тэр дундаа гэр хороололд амьдардаг иргэдийн дийлэнх хэсэг нь нийслэлийн хойд хэсэгт оршин сууж буйг харгалзан нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дөрөв дэх салбарыг Чингэлтэй дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт нээлээ. Тус төвийг нээснээр иргэд төрийн үйлчилгээг авахын тулд заавал хотын төвийг зорьж, цаг хугацаа алдах шаардлагагүй болж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.

Нийслэлийн үйлчилгээний 4 төвөөр иргэдэд үзүүлэх дараах 3 төрлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлснээр 330 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй үзүүлж байна.
Цахим мэдээллийн нэгдсэн сангаас 3-57 минутад үйлчилгээ үзүүлдэг болсноор интернет орчин бүхий газраас lavlagaa.ub.gov.mn хаягаар иргэн архивын лавлагааны захиалга өгч, өөрт ойр байрлах нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн аль ч салбар болон Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан, Багахангай дүүргийн нэг цэгээс хариугаа авах боломжтой юм.

3. АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН НЭГДСЭН САНГ БАЙГУУЛЖ, ОНЛАЙНААР ТАТВАРАА ТӨЛНӨ

Иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож, тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай тэгш хүртээмжтэй хүргэхээр www.smartcar.mn цахим системийг нэвтрүүллээ.

Системээс иргэд өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, татвар, торгууль, даатгал, техникийн үзлэг оношилгоо, төлбөр төлөлтийн түүхээ харах болон тээврийн хэрэгслийн татвар, aгаарын бохирдлын татвар, зам ашигласны төлбөрөө орон зайг үл хамааран онлайнаар төлөх тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг нэг дороос авах боломжтой боллоо.
Улаанбаатар хотод Замын хөдөлгөөнд оролцогч иргэд, жолоочид замын хөдөлгөөний мэдээллийг бодит цагаар авах боломжийг хангах “UBTRAFFIC“ аппликэйшныг туршилтын байдлаар ашиглалтад оруулан ажиллуулж байна.
Уг апплэйкшныг ашигласнаар замын хөдөлгөөнд оролцогчид хяналтын камерын бичлэгийг шууд үзэх, засвартай, хаалттай замын мэдээлэл, төлбөртэй зогсоолын байршил, зорчих замын маршрутын мэдээлэл, замд үүссэн осол саадын тухай мэдээллүүдийг бодит цагаар хүлээн авах, зорчих зай болон хугацааг урьдчилан тооцоолох боломжтой болж замаа сонгон хөдөлгөөнд оролцох ба энэ нь замын ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулах ач холбогдолтой юм.

4. ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ 15 ЖИЛЭЭР СУНГАЖ ЭХЭЛЛЭЭ

Иргэд, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн хугацааг таван жилээр сунгадаг байсныг 15 жилээр сунгах шийдвэрийг гаргаснаар иргэд, аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшлийн газартаа үйл ажиллагаагаа тогтвор суурьшилтай явуулж, хөрөнгө оруулалтын зөв бодлого төлөвлөлт хийж, төрийн хүнд суртал, хяналт шалгалтын давхардал, дарамтгүйгээр ашиглах боломжоор хангагдаж байгаа юм.
Энэ шийдвэрийн дагуу газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах шаардлагатай иргэд аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, өргөдлийг үндэслэн ямар нэгэн тусгай шаардлага, нөхцөлгүйгээр шууд 15 жилээр сунгах юм. Хамгийн гол шалгуур нь газрын төлбөрөө тогтмол төлдөг, тухайн газартаа үйл ажиллагаа явуулдаг байх шаардлагатай юм.
Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг, сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газарт нэмж газар олгохыг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гаргалаа.
Орон сууцны хороолол доторх нийтийн эзэмшлийн талбай, сургууль цэцэрлэгийн эдэлбэр газарт барилга байгууламж барихтай холбоотой өмнө нь гарсан шийдвэр хууль зөрчсөн байвал хүчингүй болгох ажлыг зохион байгуулж байна.

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 16 байршилд нөхөн олговоргүйгээр газрын асуудлыг шийдвэрлэсэн. Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 32 байршлын газрыг бүрэн чөлөөлөөд байна.
2013-2016 онд нийт 786 нэгж талбарыг чөлөөлж байсан бол 2017 онд 1179 нэгж талбар буюу 66 хувиар нэмэгдүүлж, нөхөн олговрын хэмжээ их байсныг өөрчилж 2013 онтой харьцуулахад 5.1 дахин багасгасан нь бүтээн байгуулалтын ажлыг саадгүй гүйцэтгэх нөхцөлийг хангасан гол ажил боллоо.
Нийслэлийн иргэнд газар өмчлүүлэх шийдвэрийн үнэн, зөв, маргаангүй байдлыг хангах, хяналтын тогтолцоог сайжруулах зорилгоор 2638 иргэнд 146.8 га газрыг өмчлүүллээ. Үүнээс гэр хорооллын суурьшлын бүсэд 2146 иргэнд 118.9 га газрыг үнэгүй, 31 иргэнд 0.049 га газрыг үнээр нь өмчилсөн.
Зуслангийн бүсэд газар эзэмшиж буй иргэдэд газар өмчлүүлэх ажлыг эхлүүлж 2016 онд 18 иргэнд газар өмчлүүлсэн бол 2017 онд 458 иргэнд 27.9 га газрыг үнэгүй өмчлүүлээд байна.

5. УЛААНБААТАР ХОТЫГ 2040 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг үндэслэн “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг дүгнэх хот байгуулалтын үнэлгээ боловсруулах” “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Улаанбаатар бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа боловсруулах” ажлыг эхлүүлээд байна.
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг 35206 га талбай байхаар тогтоов. Хот байгуулалтын мэдээллийн менежментийн системд оруулан хотын тэлэлтийг хязгаарлаж батлагдсан суурьшлын бүсэд хот байгуулалтын болон газрын харилцааны үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага” бодлогын баримт бичгийн дагуу Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг төлөвлөлтийн 47 нэгж хороололд хувааж засаг захиргаа, худалдаа, үйлчилгээ, соёл, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээний иж бүрэн цогцолбор төлөвлөлтийг хийхээр тусгагдсан. Тус ажлын хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор нийт 16 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдлаа.
Шинэ суурьшлын бүсийг эхний ээлжинд 5 байршилд хөгжүүлэхээр төлөвлөсний дагуу Морингийн даваа, Авто худалдааны төв орчим, Био-сонгино орчим, Улиастайн ам, Яармагийн спорт цогцолбор орчмын суурьшлын бүсийн техник эдийн засгийн үндэслэл болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төслийг боловсруулж магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажууллаа.
Шинэ суурьшлын бүсийг орон сууцны хорооллуудыг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, худалдаа, үйлчилгээ, соёлын төв зэрэг нийгмийн дэд бүтэц, зам талбай, ногоон байгууламж болон инженерийн дэд бүтцийн хамт иж бүрэн цогцолбор болгон хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх нөхцөлийг хангах төлөвлөлтийг хийхээр зорьж байна.

6. ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД ШИНЭЭР 611 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЖ, 1000 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВИЛАА

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргийн нийт 131 барилгыг буулган, дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарсны дагуу 45 багц болгон төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг зарласнаар одоогийн байдлаар 16 багцад төсөл хэрэгжүүлэгч шалгарч журмын дагуу дахин төлөвлөлтийн ажил явагдаж байна.
2017 онд дахин төлөвлөлтийн дагуу 9 багцын 26 барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгарууллаа.
Баянгол, Хан-Уул дүүрэгт 287 айлын 3 орон сууц ашиглалтад орж, 12 дугаар сард 140 айлын 1 орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт нийт 15 барилгыг буулган, барилга угсралтын ажил хийгдэж байна.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага”-ын дагуу төвийн, дундын, захын бүсүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхээр төлөвлөгдсөний дагуу төвийн бүсийн гэр хорооллыг Төвлөрсөн дэд бүтцэд холбогдсон өндөр давхрын орон сууцны бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн.
Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах 24 байршлаас эхний ээлжинд инженерийн шугам сүлжээний 80-аас дээш хувийн хангамжтай байршлыг орон сууц барих төслийн хүрээнд 24 байршил 75 хэсэгчилсэн талбайн ажлыг эрчимжүүлэх зорилгоор ажил удаашралтай байгаа 10 байршлын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгөн ажиллаж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2017 онд 324 айлын орон сууц ашиглалтад орсноор нийт 4885 айлын орон сууц ашиглалтад орж байна.
БНХАУ-ын 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2017-2020 онд хэрэгжүүлэх нийгмийн дэд бүтэц бүхий бичил дэд төвүүд байгуулах инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажил хийхээр төлөвлөөд байна.Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар 2017 онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Ногоон нуур” орчимд 1000 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар шав тавилаа.
Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байрлах 132, Баянхошуу дэд төвд 50, Сэлбэ дэд төвд 50 нийт 232 айлын түр орон сууцанд гэр хорооллын дахин төлөвлөлт хамрагдан газар чөлөөлж хохирсон иргэд болон Баянхошуу, Сэлбэ дэд төвийн инженерийн шугам сүлжээнд хамрагдан газар чөлөөлсөн өрхийг нүүлгэн оруулаад байна.

7. ДЭД БҮТЦИЙН ТӨВ БУЮУ “СЕРВИС ЦЕНТР” БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Гэр хорооллын дундын бүсэд цогц шийдэл бүхий хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв”-ийг шинээр бий болгохоор бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү төв нь иргэдийн хүсэл, санал санаачлагад тулгуурлан хэрэгжих боломжтой бөгөөд гэр хорооллын дундын хэсгийн суурьшлын бүсийн 200-250 өрх нийлж нэгдэн хүсэлт гаргаснаар тухайн тэр дүүрэг, хороонд хэрэгжих боломжтой юм.
“Дэд бүтцийн төв” буюу Сервис центр байгуулахаар техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг эхлүүлсэн. Уг төслийг 11 байршилд хэрэгжүүлэхээр сонгосноос эхний ээлжийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 5 байршилд зураг төслийн зөвлөх үйлчилгээний тендер, чингэлтэй дүүрэгт жишиг Дэд төв барихаар нээлттэй тендерийг тус тус зарлаад байна.
Улаанбаатар хот доторх төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт хот болохоор зорьж байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн 320,0 сая ам.долларын хөрөнгөөр 6 дэд төвийг 3 үе шаттайгаар барьж байгуулна.

Эдгээр төвүүдэд төрийн үйлчилгээ, худалдаа банк, санхүү, даатгал бусад үйлчилгээ төвлөрсөн хотын чанартай олон нийтийн төвүүд болох юм. Төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн ажлыг үргэлжлүүлэн дараагийн шатны Дамбадаржаа, Дэнжийн 1000 дэд төвийн ажлыг эхлүүлээд байна.
Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд цэвэр, бохир усны инженерийн шугам, сүлжээний барилга, угсралтын ажил, үерийн хамгаалалтын далан суваг болон шинээр авто зам, гүүр барих ажил мөн 240 ортой 2 хүүхдийн цэцэрлэг, 2 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг инженерийн болон нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Мөн Сэлбэ дэд төвийн дулаанаар хангахаар Дулааны станцыг шинээр барих ажлыг эхлүүллээ.
Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд нийт 8,6 км бохирын коллектор шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дуусгаад байна.
Сэлбэ дэд төвд нийт 2.3 км урттай бохир гол шугамын ажлыг хийж дуусгаснаар нийт 156 га талбайд оршин сууж буй нийт 3,694 өрх айл, 136 аж ахуйн нэгж байгууллага холбогдох боломжтой боллоо.
Баянхошуу дэд төвд нийт 6.3 км бохир усны гол шугамын ажлыг хийж дуусгаснаар нийт 162 га талбайд оршин сууж буй нийт 3,526 өрх, 137 аж ахуйн нэгж байгууллага холбогдох боломжтой болж байна.
Мөн усны алдагдлыг илрүүлэх систем суурилуулах, нэгдсэн удирдлагын төв байгуулах, хяналтын болон хэмжих худгууд шинээр барьснаар хэрэглэгчдэд хүргэх ус хангамжийн үйлчилгээг сайжруулах зорилгоор УСУГ-ын үйл ажиллагааг сайжруулах дэд төсөл хэрэгжүүлж байна.

8. БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХҮРЭЭНД АВТО ЗАМЫН ТОМООХОН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүр – Олон замын уулзварт байрлах, 1959 онд баригдаж ашиглалтад орсон Яармагийн гүүрийг засварлаж, тус гүүрийн зэрэгцээ шинэ гүүр, олон түвшний огтлолцол барихаар төлөвлөгдсөн бөгөөд 2017 оны дөрөвдүгээр сарын 15-аас ажил эхэлж ажлын явц 30 хувьтай байна.

Олимпын гудамжнаас Их Монгол улсын гудамж уруу ЗЦГ-ын баруун уулзвар болон төмөр замын 406-р гарам дээгүүр гүүрэн гарц – Гүүрэн гарц, туслах замын нийт урт 950 м, гүүрийн урт 480 м, нарны замтай холбох оролт, гаралтын рамптай, гэрэлтүүлэг, явган зам, борооны ус зайлуулах байгууламжтай гүүрэн гарц баригдана.
50 гаруй жилийн түүхтэй Яармаг, Сонсголон, Баянзүрх, Замын цагдаагийн уулзварыг өргөтгөн, шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Мөн “Авто плаза”, ХААИС, “Өгөөж” ХК зэрэг 4 уулзварын нэвтрэх чадварыг сайжрууллаа.

9. 27 ЖИЛИЙН ТҮҮХЭНД АНХ УДАА УЛААНБААТАР ХОТООС ШИЛЖИН ЯВАГСДЫН ТОО НЭМЭГДЛЭЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 3 захирамж гаргасан.
Нэгдүгээрт, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан захирамж. Энэ оноос өмнө жилд дунджаар 25-30 мянган хүн Улаанбаатар хотод шилжиж ирдэг байсан. Энэ нь 6000 орчим яндангаар хотын гэр хороолол тэлдэг байсан гэсэн үг. Захирамж гарсанаар энэ онд 8000 орчим хүн шилжиж ирсэн. Бас тэр хэмжээний хүн шилжиж явсан байгаа юм. Ингэхээр Улаанбаатар хотын механик шилжилт зогссон гэсэн үг. Шилжиж ирсэн хүмүүс хотод байнга эмчилгээ хийлгэх шаардлагатай юм уу, эсвэл орон сууц худалдаж авсан иргэд юм. Хоёрдугаарт, энэ ажлын хүрээнд нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүдэд зөвхөн Монгол Улсын стандартад нийцсэн зуух зарж байна. Иргэд стандартад нийцсэн зуух авна гэдэг бол хорт утааны ялгаралт багасч байна гэсэн үг. Гуравдугаарт, суурьшлын бүсийн хязгаарыг тогтоосон. Суурьшлийн III, IV бүсэд хэзээ ч яндангаас утаа гарахгүй, энд зөвхөн цахилгаан халаагуур хэрэглэнэ.
Улаанбаатар хотын барилгажих, гэр хорооллын суурьшлын хэсгийн нутаг дэвсгэрийн хил хязгаарыг 35206 га талбайтай байхаар тогтоолоо.

Улаанбаатар хотын хяналтгүй тэлэлт зогсож усны хамгаалалтын бүс, ногоон байгууламжтай болох нөхцөл бүрдэж, хөрсний бохирдлыг бууруулах, хотын бүтээн байгуулалтын үйл ажиллагаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжинэ.
Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төслийг нэг цогц байдлаар шинэчлэн боловсруулан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар батлан гаргалаа.
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Хан Уул дүүргийн Яармаг орчмын 9 барилга, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчмын 9 барилга, Баянгол дүүргийн МҮОНРТ орчмын 11 барилга нийт 29 барилгыг 2017-2018 оны халаалтын улиралд шинээр төвлөрсөн дулаан хангамжид холбогдсоноор 65.986 тн/жил түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, 148.061 тн/жилийн Азот, хүхэр, нүүрстөрөгчийн дутуу исэл, дэгдэмхий үнс зэрэг агаарт хаягдах хорт бодис, утааг бууруулах боломжтой боллоо.
Эрчим хүчний яам, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн 2017 оны төлөвлөгөөний дагуу 68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбох ажлын хүрээнд эхний ээлжид Хан-Уул дүүргийн Яармаг орчмын долоон зуухнаас хангагддаг хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн барилга, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг барилгуудыг төвлөрсөн дулаанд холбогдоод байна.
Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болохын зэрэгцээ Монгол орны экосистемд онцгой байр суурь эзэлдэг Туул голын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор хотын суурьшлын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл олгохгүй, Туул голын сав газраас хайрга олборлуулахгүй байхаар шийдвэрлэж, хууль зөрчсөн 96 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцаллаа.
Туул голын сав газарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд ашиглалтын үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар явуулах, нөхөн сэргээлтийг тухай бүр гүйцэтгэх, технологийн замаар тээвэрлэлт хийх зэрэг шаардлагыг тавин мөрдүүлсний дүнд нөхөн сэргээлт хийгдсэн талбайн хэмжээ 2017 онд өмнөх жилийнхээс 2 дахин нэмэгдсэн.
нийслэлийн сургууль, цэцэрлэгийн анги, танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж 4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн.

10. ЭМНЭЛГҮҮДИЙН ГАДНА ЗАМ ТАЛБАЙГ ИЖ БҮРЭН ТОХИЖУУЛЛАА

Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сул шороон хөрс бүхий газрын эзлэх хувийг бууруулах, явган зорчигч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлгийн үйлчилгээний байгууллагуудын авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, орц гарцыг нээж түгжрэлийг бууруулах зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвүүдийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Тус ажлын хүрээнд 5800м2 сул шороон хөрс бүхий газрыг ногоон байгууламж бий болгож, 812 метр урттай 7 метрын өргөнтэй авто зам, 2 талаараа явган хүний замтай, зүүн талаараа 42 ширхэг явган замын гэрэлтүүлэгтэй, 190 авто машины зогсоол, борооны ус зайлуулах инженерийн шугам, 6 цэгт сүүдрэвч бүхий амралтын талбайг бий болголоо.
Түүнчлэн ГССҮТ-ийн гаднах тохижилтын ажлын хүрээнд онцгой байдлын үед ашиглагдах нисдэг тэрэгний зогсоол, 10.865 м2 асфальтан хучилт бүхий автозам, 1,667 м2 явган зам, 3,876 м2 ногоон байгууламж, 128 автомашины зогсоол, түргэн тусламжийн автомашины тусгай зориулалтын 9 зогсоол хийв.

11. 2017 ОНЫГ “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙН ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох, үр нөлөөтэй, хүртээмжтэй, хариуцлагатай хотын засаглалыг бэхжүүлж, нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, шийдвэр гаргах ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ жилийг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан билээ. “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг мөн захирамжаар баталсан.

12. ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮДЭД МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд улс, нийслэлийн төсвөөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг /25 ортой/, Чингэлтэй /15 ортой/ болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд /25 ортой/ Мэс засал, гэмтлийн тасаг шинээр нээв. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу засварлаж тохижуулсан тус тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүлээд байна.

Ингэснээр дүүргийн иргэдэд мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээг тодорхой үе шаттайгаар хүргэж эхэлсэн юм. Мөн иргэд тухайн оршин сууж буй дүүргийнхээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй авахаас гадна улсын хэмжээний томоохон эмнэлгүүдийг зорих ачаалал ч тэр хэрээр багасах чухал ач холбогдолтой. Дүүргийн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг нээгдсэнээр мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, үйлчилгээ өргөжин, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрөл олшрох юм байна.

13. ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ, ЭЛСЭЛТИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл-мэдээллийн нэгдсэн удирдлагаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн 217 цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг цахим системээр зохион байгууллаа.

Цахим систем нэвтэрснээр эцэг эхчүүд цэцэрлэгийн үүдэнд урт дараалал үүсгэн, олон хоногоор хонож бүртгүүлдэг байдлыг халж, бүртгүүлэхэд эцэг эхчүүдээс бичиг баримт шаардахыг зогсоож, элсэлттэй холбоотой цэцэрлэгүүдэд үүсдэг ажлын ачааллыг бууруулсан зэрэг тулгамдсан асуудлуудыг нэгэн зэрэг шийдвэрлэсэн.

Мөн газарзүйн мэдээллийн системд суурилсан дундын мэдээллийн сантай холбосноор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн байршил, сургуулийн өмнөх насны хүүхдийн бүртгэл, элсэлтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тухайн цэцэрлэгийн хүчин чадал, боломж бололцоог тодорхойлох, цаашид эрэлт нийлүүлэлтийг тооцоолон анализ хийх, мэдээллийн нэгдсэн сантай боллоо.

14. “ГЭРЭЛТ ГУДАМЖ” БОЛОН “МӨСӨН ХОТХОН” ЗЭРЭГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ТАТАХ ЗОРИЛГО БҮХИЙ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв” болгох зорилтын хүрээнд Их хотын өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг сурталчлан таниулах, гадаадын жуулчдын сонирхлыг татах, нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа таатай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сөүлийн гудамж дагуу 1.9 км урт 3.2 га нийтийн эзэмшлийн зам талбайд Улаанбаатар хот анх удаа Шөнийн гэрэлт гудамжийг нээлээ. Гэрэлт гудамжинд аюулгүй байх нөхцөлийг бүрэн хангаж, уртасгасан цагаар жуулчид иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх Монгол гэр бүхий зориулсан худалдаа үйлчилгээ үзүүлэх, урлаг соёлын өдөрлөгүүдийг байнга зохион байгуулах цогц арга хэмжээг үзүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь 30 гаруй уран бүтээлчтэй хамтран мөсөн сийлбэрийн гайхамшигт бүтээлүүдийг урлаж “Мөсөн хотхон”-ы нээлтийг хийлээ.

Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх, гадаад дотоодын жуулчдыг татах, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэх зорилгоор Сэлбэ голын ай сав дотор /Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талд/ уг хотхоныг бүтээн байгуулав. Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, олон улсын мөсөн баримлын уралдаанд байр эзэлж байсан шилдэг өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлууд, төөрдөг байшингаас бүрдэх юм. Мөн хувцас солих байр, халуун цай кофе уух байр, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэргээр тохижуулан иргэдийн тав тухыг бүрдүүлэхээс гадна нийслэлийн өнгө төрхийг чимсэн бүтээлийн нэг болсон.

15. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙГ “УХААЛАГ” ХЭЛБЭРТ БҮРЭН ШИЛЖҮҮЛЛЭЭ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ төвшинд гаргах зорилгоор нийтийн тээврээр зорчихдоо зөвхөн Цахим картаар хөлсөө төлж зорчих буюу нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн цахим картад бүрэн шилжлээ.
2017 оны III улирлын шугамын орлого 36.8 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.6 хувиар өссөн, 2017 оны 04 дүгээр сарын 01-ээс хойш шугамын орлогыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлт цахим картад 04 дүгээр сарын 01-ний өдрөөс бүрэн шилжсэнтэй холбоотойгоор хязгааргүй зорчих эрхтэй, сарын хугацаатай карт болон “City pass” банкны болон нийтийн тээврийн хосолсон карт, “NFC” сим карт ашиглан гар утасныхаа сим картыг солиулан нийтийн тээврээр зорчих боломжийг шинээр үйлчилгээнд нэвтрүүллээ.
Нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд 20000 ширхэг картыг үнэгүй тарааж, “Хүндэт донор” иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих боломжийг бий болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *