Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийн дагуу 2015 оны мод тарих өдрийг Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын санаачилгаар “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлэх хэлбэрээр нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргажээ.
Энэ хүрээнд “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллах юм.
Дүүрэг бүрт “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлэх Засаг даргын орлогчоор ахлуулж, хорооны Засаг дарга нарыг оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, ажлын төлөвлөгөө боловсруулан, зардлыг батлан, гүйцэтгэсэн ажлын тайланг тухай бүр дэд ажлын хэсэгт ирүүлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтийг хангуулан ажиллахыг Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.