Улаанбаатар хотын цагдаагийн газраас өнөөдөр 2016 оны эхний арван сард үйлдэгдсэн хэргийн статистик тоо болоод зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл хийлээ.
2016 оны эхний арван сарын байдлаар цагдаагийн байгууллага улсын хэмжээнд 406 мянган гомдол мэдээлэл авсан байна. Үүнээс 293 мянга нь Улаанбаатар хотод харьяалагдсан бөгөөд хэргийн гаралт 2015 оноос 12.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Өөрөөр хэлбэл, нийт ирсэн дуудлага, мэдээллийн 23080 нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд үүний 15257 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэсэн үг. Гэмт хэргийн улмаас 5815 хүн бэртэж, гэмтэж, аж ахуйн нэгжүүдэд 109 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн тоо өссөн хэдий ч хүүхэд холбогдсон гэмт хэрэг 11.4 хувиар буурсан нь эерэг үр дүн гэдгийг цагдаа нар онцоллоо.
Цагдаагийн 102 дугаарын утсанд хоногтоо дунджаар 1500-2000 гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар дуудлага ирдэг байна. Энэ тоо ид ачаалалтай үед 2500 хүртэл өсдөг ажээ. Албаны мэдээллээс харахад, зургаан дүүргийн цагдаагийн хэлтэс хоногтоо 100-130 дуудлага мэдээлэл хүлээн авч, шалган шийдвэрлэдэг аж.