Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээллээр сар бүрийн сүүлийн өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэхээр болсныг мэдээлэв. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг баталж, энэ хүрээнд гэр бүлийн өдрийг тусгайлан тэмдэглэх буюу эцэг эхчүүд хүүхдэдээ заавал цаг гаргадаг байх гэсэн шийдвэрийг гаргасан байна. Мөн энэ өдөрт зориулж “Соёмбо” кино театр, “Хүннү молл” үйлчилгээний төв зэрэг хувийн үйлчилгээний байгууллагууд гэр бүлүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх юм.
Гэр бүлүүд дээрх уриалгыг идэвхтэй хүлээн авч хэрэгжүүлбэл, тухайн гэр бүлийн зэврүүн уур амьсгал дулаан болж, гэр бүлийн гишүүд биесээ ойлгож, харилцан хүндэтгэлтэй хандаж, үл ойлголцох, өсвөр насныхны тулгамдсан асуудлыг аав ээжүүд ойлгож туслан, зөвлөдөг болно. Мөн хүүхдүүд ахмад настнаа хүндэлж, өвөө эмээгийнхээ сургаал, үгийг сонсож, ёс заншил, өв уламжлал, ураг төрлөө дээдэлж, хамгаална гэж уг өдрийг санаачлагчид итгэж байна. Хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ гадуур дэмий сэлгүүцэх биш, чөлөөт цагаа аав ээжтэйгээ үр бүтээлтэй өнгөрүүлдэг болно зэрэг олон эерэг өөрчлөлтүүд гарна гэж тэд хүлээж байна.