Categories
мэдээ нийгэм

Нийслэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тал дээр Тоёото корпорацитай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг  дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  “Тоёота” компанийн Зүүн Ази болон далайн эргийн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирал Тоширо Хидакаг хүлээн авч уулзлаа. Засаг дарга Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр ажиллаж, Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг “Ланд крузер-200” маркийн автомашинаар шагнаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний талаар товч танилцууллаа. Мөн тэрээр Тоёото корпораци машины зах зээлд технологийн дэвшлийг үзүүлдэг, тиймээс бид та бүхэнтэй боломжтой бүх хэлбэрээр хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Ноён Тоширо Хидака “Монголчуудын үндэсний бахархал болсон наадмын бай шагналыг ивээн тэтгэж, хамтран ажилласандаа баяртай байна. Хотоор явж байхдаа автозамын осол аваар их гардгийг анзаарсан. Тиймээс зөвхөн автомашины худалдаа гэлгүй, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тал дээр хамтран ажиллах саналтай байна. Бид олон оронтой энэ чиглэлээр хамтран ажилладаг” гэсэн юм.   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл түүний саналын дэмжин хамтарч ажиллахаа илэрхийллээ. Уулзалтын үеэр НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны нарийн бичгийн даргын хувьд наадмын албан ёсны түншээр ажиллаж, түрүү бөхийг Ланд крузер-200 маркийн автомашинаар шагнаж байгаа “Тоёота” компанийн хамт олонд талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. “Тоёота” компанийн Зүүн Ази болон далайн эргийн орнуудыг хариуцсан Гүйцэтгэх захирал Тоширо Хидака “Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд шагнал гардуулж буй нь “Тоёота” корпорацийн хувьд нэр төрийн хэрэг юм. Энэ ажиллагаанд Та бүхэн сэтгэл хангалуун байвал бид цаашид хамтран ажиллахад бэлэн байна”  гэж хэллээ. Уулзалтын дараагаар Их эзэн Чингис хааны талбайд Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол Улсын арслан Н.Батсуурьт  “Ланд крузер-200” маркийн автомашиныг  гардуулан өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *