Categories
мэдээ нийгэм

“Нийслэл өргөө”-гийн Б.Ганзоригт зургаан жилийн хорих ял оноожээ

Улсын төсвийн хөрөнгөөр баригдах томоохон барилгуудын тендерийг авсан ч чанар муутай барилга барьсан, заримыг нь барилгүй мөнгийг нь идэж шамшигдуулсан хэрэгт холбогдоод байсан “Нийслэл-Өргөө” компанийн захирал Б.Ганзориг нарын хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал боллоо.

Тодруулбал, Б.Ганзориг нар нь Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих барилга угсралтын ажлыг барьж гүйцэтгэх тендерт ялж, 1,5 тэрбум төгрөгөөр барьж гүйцэтгэхээр шалгарчээ. Ингэхдээ 800 сая төгрөгийг завшиж үрэгдүүлэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан нь шүүхээр тогтоогдсон байна.

Түүнчлэн 2010 онд удаа дараа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан нь тогтоогдсон.

Тиймээс “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзоригт чанга дэглэмтэй хорих ангид зургаан жил хорих ял оноолоо. Мөн түүний хэргээр Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалд гурван жилийн хорих ял оногдуулж хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Д.Чулуунцэцэгт 5,1 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилээр хойшлуулсан, “Нийслэл Өргөө” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч А.Энхчимэгт хоёр жилийн хорих ял оногдуулж тэнсэн харгалзжээ.

Баян-Өлгий аймагт багийн хөгжлийн төвийг хүлээн авах улсын комиссын гишүүдээр ажилласан Б.Сьезхан, Б.Ермурат, Амирбек, Жандаурен, Х.Хизатбек нарыг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус тус хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс шийдвэрллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *