Categories
мэдээ нийгэм

Нийслэл Улаанбаатар хотод дэлхийн стандартад нийцсэн такси үйлчилгээ нэвтэрнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёлын төв болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотод тулгарч буй томоохон асуудлын нэг нь такси үйлчилгээний, чанар, хүртээмж, аюулгүй байдал болоод байна. Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүртээмж, стандарт хангалтгүй байгаагийн нэг жишээ нь өнгөрсөн 3 жилийн байдлаар такси үйлчилгээтэй холбоотой 20 мянга орчим гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо баримт байна. Тиймээс Нийслэлийн Засаг дарга С.Батболд дэлхийн томоохон хотуудын жишгийн дагуу Улаанбаатар хотод такси үйлчилгээ нэвтрүүлэх бэлтгэлийг хангаж, уг ажлыг хариуцан зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Энэхүү Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нийслэлийн Засаг даргын тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга, нийслэлийн Тээврийн газрын дарга, нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга, Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-ийн захирал тус тус ажиллаж байна.

Улаанбаатар хотын такси үйлчилгээ 1990 онд өмч хувьчлалаар түр зогссон боловч 1993 оноос үйл ажиллагаа нь дахин сэргэж, 2003 онд нийслэлийн такси үйлчилгээний тээврийн хэрэгслийн тоо дээд цэгтээ хүрч 61 байгууллагын 3960 тээврийн хэрэгсэл буюу нийслэлийн /2003 оны хүн ам 869,912/ 1000 иргэн тутамд 4 такси оногдон, дэлхийн хөгжингүй орнуудын жишиг төвшинд хүрч байсан статистик байдаг. Гэвч 2004 оноос энэ үзүүлэлт тогтмол буурсаар ирсэн бөгөөд 2017 оны байдлаар 12 аж ахуйн нэгжийн 539 тээврийн хэрэгсэл такси үйлчилгээг нийслэлийн иргэдэд үзүүлж байна. Дэлхийн томоохон хотуудын оршин суугчдын 1000 хүн тутамд 3-4 такси үйлчилж байвал эрэлт, хэрэгцээ хангагдана гэж үздэг стандартын дагуу өнөөдрийн такси үйлчилгээний хүртээмж дэлхийн жишгээс 8-10 дахин бага байгаа байгаа бөгөөд төлбөр тооцооны систем, үйлчилгээний стандарт томоохон хотуудын жишгээс хол хоцроод байгааг Ажлын хэсгийн дарга Д.Мөнх-Эрдэнэ хэлж байсан юм.

Мөн өнөөдөр нийслэлийн хэмжээнд 28 такси зогсоол байгаа нь 1,3 сая иргэнтэй хотын хувьд хангалтгүй гэж Ажлын хэсэг дүгнэж байгаа бөгөөд такси үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслийн дундаж наслалт 6,6 жил байгаа нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, найдвартай байдал дээр анхаарлаа хандуулсан бодлого боловсруулахыг ч шаардаж байгаа юм. Технологийн дэвшилд буюу GPS, төлбөр тооцооны ухаалаг системд суурилсан такси тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхэд Ажлын хэсэг гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм байна. 2018 оноос эхлэх энэхүү такси үйлчилгээг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд 500 гаруй ажлын байрыг шинээр бий болгох юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй хаpилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *