Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.06.28) нэгдсэн хуралдаан 15 цаг 08 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов.
Нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурал дах Ардчилсан намын бүлэг уг хуулийн төслийн хэлэлцүүлгээс ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн.
Намын бүлгийн завсарлагын хугацаа дууссан тул чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлж, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.4 хувь нь дэмжив. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.
Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байв.
Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, С.Бямбацогт, Х.Ганхуяг, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулан, төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллын хамт энэ сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн юм.
Чуулганы мөн өдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан бөгөөд хуралдааны цаг дууссан тул зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы дараагийн хуралдаанаар санал хурааж шийдвэрлэхээр болж, хуралдааныг завсарлуулаад байв.
Иймээс чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хурааж шийдвэрлэхээр товлоод байв. Харин Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа тогтоолын төслийн талаар дахин нягталж байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа тул нэг хоногийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу хуралдаан даргалагч намын бүлэгт завсарлага өгснөөр тогтоолын төслийн хэлэлцүүлэг хойшлов.
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулахыг дэмжлээ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан юм. Нэгдсэн хуралдаанд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох бусад албан тушаалтнууд оролцлоо.
Улсын Их Хурлаас 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”, 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг 27 жилийн хугацаанд зохицуулж байгаа бөгөөд уг хуульд нэг удаа өөрчлөлт оруулсан. Гэвч уг хууль нь өнөөгийн нийслэл хотын эрэлт хэрэгцээ, цаг үеийн шаардлагыг хангахгүй байгаа тул Монгол Улсын нийслэлийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа онцлог нэгж болох Улаанбаатар хотод үйлчлэх нийт 150 гаруй хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан, нийслэл хотын онцлог, цаашдын хөгжпийн загвар, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, төрийн бусад байгууллагатай харилцах зэрэг асуудлаар бусад орны жишгийг судалж, нэвтрүүлэх талаар олон судалгаа, зөвлөмж гаргасан байна. Энэ бүхэн нь хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах гол үндэслэл болсныг хууль санаачлагч илтгэлдээ онцлов.
Хуулийн төслийн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд 15 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд төсөлд иргэн, хуулийн этгээдийн саналыг авахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудсанд байршуулж, олон нийтээр хэлэлцүүлж, холбогдох саналыг тусгасан. Хуулийн төсөлтэй холбогдуулан нийт 16 хууль, Улсын Их Хурлын 1 тогтоолд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан талаар хуульч санаачлагч дурдлаа.
Хуулийн төсөл нь нийт 7 бүлэг, 51 зүйлтэй юм. Хуулийн төслийн зорилт нь нийслэл Улаанбаатар хотын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, үйл ажиллагааны зарчим, удирдлагын эрх хэмжээ, нийслэл хотын удирдлагаас төрийн дээд, төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон бусад этгээдтэй харилцах эрх зүйн үндсийг тодорхойлоход чиглэжээ. Нийслэл Улаанбаатар хотыг нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүрөг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгож хөгжүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгоход уг хуулийн төслийн үзэл баримтлал чиглэсэн байна.
Төсөлд нийслэл нь эдэлбэр газартай, эдэлбэр газар нь бүсчлэл, дүрэмтэй байх бөгөөд бүсчлэл, дүрмийг Засгийн газраас тогтоосон шалгуур үзүүлэлтийг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлах, нийслэл нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болохын хувьд Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд заасан чиг үүргээс гадна нийслэл хотын хувьд хэрэгжүүлэх тусгай болон хотын аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх бусад чиг үүргийг төсөлд тодорхойлсон байна. Мөн нийслэл хот өөрийн дүрэмтэй байх бөгөөд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, автозогсоол, автозамын арчлалт хамгаалалт, шашин, соёлын үйл ажиллагаа, аялал жуулчлалын байгууллага, зочид буудлын үйл ажилагааны бүртгэл, зэрэглэл тогтоох, мал, тэжээвэр амьтны зохицуулалт, такси, хүргэлтийн үйлчилгээ, нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроны ашиглалт зэргийг тусгасан уг дүрмийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар зохицуулжээ.
Нийслэл хот нь “эдийн засаг, нийгмийн цогцолбор”-ын хувьд тусгай болон хотын аж ахуйн асуудлаарх бусад чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит боломжийг бүрдүүлэх зохицуулалтуудыг төсөлд тусгажээ. Мөн нийслэлд хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх үүднээс нийслэл дэх хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих зохицуулалтыг нарийвчлан тусгасны зэрэгцээ нийслэл хот албан татвартай байх, хотын албан татварыг хуулиар тогтоох бөгөөд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Улсын Их Хурлаас баталсан татварын хууль тогтоомжоор эрх олгож, тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоохоор зохицуулсан байна.
Түүнчлэн нийслэл хотын дагуул хот болон эдийн засгийн тусгай бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг тусгажээ. Нийслэл хотын дагуул хот нь эдэлбэр газартай байж, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, логистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, газар зүйн байрлал болон нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдолтой, дэд бүтэц бүхий төвлөрсөн суурин газар байхаар тодорхойлсны зэрэгцээ дагуул хотыг байгуулах, түүний чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтын талаар нарийвчлан тусгажээ.
Нийслэл нь хот болохын хувьд нийслэлийн Засаг дарга нь тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг онцлог субьект болох юм. Иймд тусгай чиг үүрэгтэй холбоотой асуудлаар хуулийн төсөл санаачлахаас бусад асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг байхаар тусгажээ. Түүнчлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар хангагдахаар зохицуулсан байна.
Төсөлд тусгаснаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь хотын аж ахуйн чиг үүргийг хэрэгжүүлэх, нэгдмэл байдлыг хангах, холбогдох байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежерийг томилох бөгөөд Ерөнхий менежер нь ажлаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнө хариуцах юм байна. Ийнхүү шилжүүлсэн нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар төсөлд тусгажээ.
Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Ганбат, Х.Ганхуяг, С.Чинзориг, С.Одонтуяа, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батжаргал, Т.Доржханд, Б.Саранчимэг нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, нийслэлийн дагуул хотыг засаг захиргааны бусад нэгжийн нутаг дэвсгэрт дамнан байгуулж болох бөгөөд дагуул хотыг Улсын Их Хурлаас байгуулахаар төсөлд тусгасан байгаа. Нийслэлийн Засаг даргыг хэрхэн томилох асуудал нь Үндсэн хуульд заагдсан асуудал. Засаг даргыг тухайн шатны иргэдийн Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилохоор заасан байдаг. Тиймээс нийслэлийн Засаг даргыг хотын иргэд сонгох боломжгүй юм. Энэ нь уг мөн чанараараа нэгдмэл улс байх хуулийн заалтаас урган гарч байгаа асуудал гэдгийг тодотгов.
Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэл Улаанбаатар хотыг орчин шалгуур, шаардлагад нийцсэн, дэлхийн жишигт хүрсэн, иргэдийнхээ эрүүл, аюулгүй, амар тайван байдлыг хангасан том хот болгож хөгжүүлэх эрх зүйн шинэ боломжийг энэ хуулиар тогтоож өгөхөд хуулийн гол зорилт чиглэж байгаа. Олон улсын нийтлэг жишгээр дагуул хотод эдийн засгийн тусгай бүсийг мэдээлэл технологи, инновацийн, аялал жуулчлал, соёл амралтын, хөнгөн үйлдвэрлэл, агаарын хөлгийн завсар үйлчилгээ, угсралтын, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр дагнаж болон хослуулан байгуулж болохоор төсөлд тусгасан. Эдийн засгийн тусгай бүсийг байгуулах болон тусгай бүс байгуулах газар нутгийн хэмжээ, байршлыг тогтоох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасныг дурдаж байв.
Түүнчлэн төсөлд нийслэл нь таваас илүүгүй тусгай бүстэй байх, тусгай бүсэд согтууруулах ундаа болон тамхины үйлдвэрлэлээс бусад хуульд заасан чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжид татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалтуудыг бүрдүүлэхээр тусгасан. Мөн нийслэл хотын оршин суугчийн эрх, үүргийг хуульчилж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчноо тохижуулах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засаж сайжруулах, орчны аюулгүй байдлыг хангах, замын түгжрэл, хог хаягдал, орчны бохирдол, тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэх зэрэг нийслэл хотыг хөгжүүлэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан иргэн, хуулийн этгээдийг урамшуулах зохицуулалтыг бий болгохоор тусгасан гэдгийг хэллээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын зөвлөх Р.Дагва нар гишүүдийн зарим асуултад нэмэлт тайлбар, мэдээлэл өгсөн юм.
Харин хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Чинбүрэн нар үг хэлж төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд ажлын хэсэг гарган хэлэлцүүлгийн шатанд төслийг нухацтай хэлэлцэж улам чамбайруулах шаардлагатай гэж үзэж буйгаа хэллээ.
Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувь нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоомжийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Нэгдсэн хуралдааны төгсгөлд Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Байнгын хороо, чуулганы өнөөдрийн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны дундуур хуралдаж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хороо чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэн, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хурааж шийдвэрлэжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Өнөрболор, Ё.Баатарбилэг, Т.Доржханд, Х.Ганхуяг, М.Оюунчимэг, Ц.Сэргэлэн, Н.Ганибал, Ч.Хүрэлбаатар, Х.Булгантуяа нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гишүүдийн гаргаж, Байнгын хорооноос дэмжсэн болон дэмжээгүй зарчмын зөрүүтэй 8, найруулгын 2 саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.