Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
УИХ-аас анх 1994 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан. Өнөөгийн байдлаар нийслэл хот, түүний удирдлагад эрх, үүрэг болгон хэм хэмжээ тогтоосон 120 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагааг 20 гаруй хуулиар зохицуулдаг байна.
Улаанбаатар хот 9 дүүрэг, 152 хороотой. Нийслэл хотын хөдөлмөрийн насны хүн амын тоо 981.456, жил тутам шилжиж ирэгсдийн тоо 30.297, төрөлт 42.790 бөгөөд нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 14.881 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувьтай тэнцэж байгаа юм. Нийслэл хотод нийт 43.490 аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа 68.425 аж ахуйн нэгжийн 63 хувьтай тэнцжээ. Хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн 1990-ээд оноос хойш тасралгүй үргэлжилсээр өдгөө нийслэлд байнга болон түр оршин суугчдын тоо 1.372 сая болжээ. Нийт хүн амын 46.8 хувь нь Алтан тэвшийн хөндийд аж төрж байна гэсэн үг.
Улаанбаатар хот дээр дурдсан статистик тоон үзүүлэлтээс үзэхэд 1.5 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болсон. Тэгэхээр цаашид хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзсэн байна.
Мөн 1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн зүйл, заалт сүүлд батлагдсан зарим хуулийн зүйл, заалттай давхардах, зөрчилдөх, цаг хугацааны явцад зохицуулалтын чадвараа алдах зэрэг тохиолдол гарч байгаа бөгөөд хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай нийгмийн зарим харилцааг хуулиар зохицуулаагүй үлдээсэн нь эрх зүйн хийдлийг бий болгожээ. Иймд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсныг хууль санаачлагч танилцуулав. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 14 бүлэг, 52 зүйлтэй аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ: Өргөн барьсан хуульд нийслэлийн дүүргүүдийг дагуул хот болгох асуудал тусгагдсан. Хууль батлагдсаны дараа дагуул хоттой байх, дүүргүүд дагуул хот болгох талаар шийдвэрлэнэ. 300 мянган хүн амтай газарт төрийн үйлчилгээг яаж хүргэх талаар бид ярьж байгаа. Өнөөдрийн нөхцөлд дүүргүүдийн ачааллыг бууруулахын тулд хороод хөгжүүлэх ажил явж байгаа. Төвлөрлийг сааруулахын тулд төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргүүдэд зохицуулалт хийхээр тусгасан. Энэ хууль тодорхой хугацааны дараа нийслэлийн дүүргүүд болон нийслэлээс үйлдвэрийн бүс руу аж ахуй нэгжүүдийг шилжүүлсэн тохиолдолд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан байгаа гэсэн юм.