Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Татвартай холбоотой асуудлаар УИХ-д мэдээлэл хийх үеэрээ “Татвар нэмэхгүй” хэмээн мэдэгдэж байсан ч шинэ төрлийн татварын хуулийг УИХ өнгөрсөн баасан гаригт баталлаа. Нийслэл хотын албан татвар нэртэй энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр архи, тамхины борлуулалтын үнийн дүнгээс, зочид буудал, баар, ресторан, амралтын газрын үйлчилгээнээс 0-1 хүртэл хувийн татвар авах болж байна. Өөрөөр хэлбэл, иргэд худалдан авсан архи, тамхи бүртээ, ресторанаар үйлчлүүлэх бүрийдээ татвар төлнө гэсэн үг. Татварын хувь хэмжээг Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаас тогтооно. Хууль нь батлагдсан болохоор удахгүй Нийслэлийн ИТХ хуралдаж, Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох биз. Зарим нэг яриа ч сонсогдож эхэлсэн, Хотын “А” зэрэглэлд байрлах ресторанд 1 хүртэл хувийн татвар ногдуулж, хотоос зайдуу хэсгийг харж үзэх болов уу гэж… Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдлаа бодолцоод татвар ногдуулахгүй байх эрх ч мөн Нийслэлийн ИТХ-д бий. Яаж шийдэхийг Д.Баттулгын баг л мэднэ.
Хэрвээ энэ төрлийн татварыг тогтоохоор нийслэл шийдвэл, жуулчдыг олноор нь татахгүй бол иргэдийнхээ халаасыг тэмтрээд ч олигтой орлого бүрдэх нь юу л бол… Овоо юм бүрдвэл ч хэрэгтэй. Тэр тусмаа хуульд заасанчлан төвлөрсөн хөрөнгийг төсвийн цоорхой нөхөхөд бус иргэдийн ая тухтай орчин бүрдүүлэхэд зарцуулбал хэрэг нь гарна. Түүнээс хэдэн төгрөг төвлөрснөө хэрэгцээгүй зүйлд зарцуулбал хэл амтай татвар ногдуулж, иргэдийнхээ сэтгэлд сэв суулгаж байснаас аваагүй нь дээр.
Дээр нь нийслэл хотын татвараар нийслэлийн төсөвт тэчнээн тэрбум төгрөг төвлөрүүлнэ гээд зорилт тавиад дунд нь нугалаа гаргавал хөдөөгийн төрийн албан хаагчдын амралтын мөнгийг түлээний гоожингоор барьцаалж байгаа шиг зүйл рүү орохгүй гэх газаргүй. Сумын төвийн сургуулийн багш, ажилчид амралтын мөнгөө бодуулах гэтэл Ойн ангийнхан нь “Түлээний гоожин худалдаж авбал амралтынхаа мөнгийг авах эрх үүснэ” гэсэн байгаа юм. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд түлээний гоожин худалдаж авахгүй бол цалин олгохгүй гэдэг заалт байхгүй. Гэтэл нэг төрийн алба нь нөгөө төрийн албаныхнаа иймэрхүү байдлаар барьцаалж, сургуулийнх нь захирал гэрээ хэлцэл хийх нь холгүй суух.
Цаг хугацаагаа бодсон ч өдийд түлээ бэлтгэх нь ховор. Жил бүрийн намар буюу мод бүрэн шарлаж дууссаны дараа монгол хүн гар хүрдэг. Үүнийг ойн ангийнхан нь мэддэггүй юм уу, эсвэл дээрээс нь заавал энэ зургаан сардаа багтаа гэсэн үү. Ямарч л байсан сумын сургуулийнхны амралтын мөнгө гоожингийн барьцаанд орсон байна. Араас нь эмнэлэг, цэцэрлэгийнхэн нь “барьцаалагдах” биз. Амьдрал ийм л байна, хаа очиж, Улаанбаатар хотод ийм юм сонсогдохгүй нь сайн хэрэг юм даа. Гэхдээ ой тэмдэглэхтэй холбоотойгоор нэг өдрийн цалин авах нь гэх мэтчлэн гомдол Засгийн газрын 11-11 төвд ирсэн л харагдсан.
Удахгүй нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжээд эхлэхээр олон зүйл чихнээс хонх уях вий дээ.
One reply on “Нийслэл хотын татвартай боллоо”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru